WasteManagement-д тавтай морил Холбоо барих Гишүүнчлэл

Их хэмжээний “дахивар” экспортлогдсон орнуудад (Тайланд, Малайз гэх мэт Зүүн Өмнөд Азийн орнууд) дахин боловсруулж дийлэхгүй байгаа нь эдгээр орнуудын байгаль орчин, цаашлаад хүний эрүүл мэндэд асар их сөрөг нөлөөг үзүүлж байна. Шатаах үйлдвэрүүд маш хортой утаа, үнсийг ямар ч зохицуулалт, хяналтгүйгээр үүсгэсээр байна. Шатаагаагүй үлдсэн хаягдал дийлэнх нь хогийн цэгүүдэд эсвэл бүр байгаль орчинд ил задгай тархан хаягддаг. Товчхондоо байгальд ээлтэй гэх сайхан нэр хүндтэй атлаа дахин боловсруулалтын салбарын дэлхий дахинд үзүүлж буй сөрөг нөлөө асар их байдаг.
Үнэндээ дахин боловсруулах үйл явц ч өөрөө байгаль орчинд асар их сөрөг нөлөө үзүүлдэг. Тухайлбал ус, эрчим хүчний өндөр хэрэглээ, бохир ус болон нүүрсхүчлийн хий үйлдвэрлэлт өндөр гэх мэт олон нөлөөг дурдаж болно. Мэдээж эдгээр нөлөө нь түүхий эдийг шинээр олборлохоос бага хөнөөлтэй ч дахин боловсруулалт нь байгаль орчинд огт сөрөг нөлөө үзүүлдэггүй мэт харж болохгүй юм. Дахин боловсруулалтын байгаль орчинд үзүүлэх нөлөөг хэзээ ч дурддаггүй нь бид бүх нийтээрээ энэхүү салбар, тэдгээрийн үйл ажиллагаа байгальд ямар ч сөрөг нөлөө үзүүлдэггүй мэт харалган ойлголтод хөтөлсөөр өдийг хүрсэнтэй холбоотой юм.
Дахин боловсруулалтын тухай ярихдаа хамгийн муу хувилбартай харьцуулж харах бус бусад хог хаягдлын гарцыг багасгах гэх мэт эерэг нөлөө ихтэй хувилбартай харьцуулах нь чухал. Өөрөөр хэлбэл бид дахин боловсруулалтыг дахин ашиглахтай бүр цаашлаад хог хаягдлыг эхнээс нь гаргахгүй байх арга замтай харьцуулвал энэ салбар бидний эх дэлхийд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэгийг бодитоор харах боломжтой юм.
Мөн түүнчлэн нэг удаагийн бүтээгдэхүүнийг дахин боловсруулах нь энэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээтэй салшгүй холбоотой бөгөөд хэт богино амьдралын мөчлөгтэй эдгээр зүйлсийг байгаль орчинд үзүүлэх нөлөөгөөр нь бүхэлд нь харж шийдвэрлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл бид дахин боловсруулалтын бодит нөлөөг тооцохыг хүсвэл хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түүний түүхий эдийн олборлолтын нөлөөг мөн тооцох ёстой. Түүгээр ч зогсохгүй нэг удаагийн бүтээгдэхүүн, сав баглаа боодол байхгүй байсан бол тэдгээрийг дахин боловсруулах шаардлага мөн байхгүй байсан гэдгийг тодоор харах учиртай.
Хуванцрыг газрын тос, олборлосон байгалийн хийгээр үйлдвэрлэдэг бөгөөд эдгээр түүхий эдийг олборлох явц нь эмзэг давхрагын иргэдэд хамгийн ихээр нөлөөлдөг төдийгүй асар их бохирдол үүсгэдэг.

Leave Comment