Дахин боловсруулалтын явцад гарах “техникийн” болон “физик шинж чанарын” асуудлуудыг эс тооцсон ч хог хаягдлын менежментийг ангилалт, дахин боловсруулалтад суурилуулах нь нийгэм, эдийн засгийн хувьд ч тогтвортой шийдэл биш юм (гол шалтгаан нь дахин боловсруулсан материал түүхий эд шинээр олборлохоос ашигтай байх ёстой бөгөөд энэ нь даяарчлагдсан зах зээлийн эдийн засагтай нөхцөлд маш төвөгтэй). Хөгжингүй орнуудад ч ангилалт, дахин боловсруулалтын түвшин маш хангалтгүй ажиллаж нийт хог хаягдлынхаа өчүүхэн хувийг дахин боловсруулдаг хэвээрээ байна. Өнөөгийн байдлаар улс орнуудын ангилан ялгалт, дахин боловсруулалтын салбар бүхэлдээ маш тогтворгүй, хараат бөгөөд байгальд ээлгүй хэвээрээ байна.
Хөгжингүй орнуудын айл өрхүүд болон бусад хог хаягдал үүсгэгчдийн буруу ангилсан дахивар хаягдлуудын дийлэнх хувь нь гадны улс руу (2018 онд хуванцарын импортыг хорих хүртэл Хятад руу, одоо Тайланд, Малайз гэх мэт Зүүн Өмнөд Азийн орнууд руу) экспортлосоор байгаа тул энэ салбар хэвийн ажиллаад байгаа мэт сэтгэгдэл төрүүлсээр байна. Гэтэл эдгээр орнуудад ихэнх “дахиварууд” дахин боловсруулалтад оруулдаггүй. Учир нь хог хаягдлаа экспортлогч хөгжингүй оронд хангалттай сайн ангилж, цэвэрлээгүй, эсвэл хэтэрхий өндөр өртөгтэй, цаашлаад эдгээр орнуудад дахин боловсруулах өртөг нь түүхий эд шинээр олборлохоос өндөр өртөгтэй гэх мэт шалтгаанаар асар их хэмжээний дахивар хог шатаах зууханд дуусдаг байна. Эцэст нь эдгээр импортлогч буурай хөгжилтэй орнуудад дахиварыг эцэслэн ангилан ялгах ажиллах хүч маш хямд олддог учраас л нийт дахиварын багахан хэсгийг дахин боловсруулах боломж байдаг юм.
Бодит байдал гэвэл дэлхий нийтийн дахин боловсруулалтын салбар нийгмийн тэгш бус байдалд суурилан ядуу иргэдийн хөдөлмөрийг мөлжиж л оршин тогтнож байна гэсэн үг. Үнэндээ бидний нүднээс далд аймшигтай ядууралд нэрвэгдсэн баян улсуудын (эсвэл өөрийн орны баян иргэдийн) хог хаягдлыг ялгахаас өөр амь зуух аргагүй иргэд байгаа учраас л дахин боловсруулах салбар зохистой ажиллаад байгаа мэт харагддаг. Иймээс ийм төрлийн шийдлийг дэлхий дахинд хэрэгжүүлнэ гэдэг байж болшгүй хэрэг. Маш бага хэмжээний материал л цэвэр, аюулгүй, шударга, тогтвортой, эдийн засгийн хувьд тэгш хуваарилалттай нөхцөлд дахин боловсрууллагддаг гэдгийг бид мартаж болохгүй.