WasteManagement-д тавтай морил Холбоо барих Гишүүнчлэл

Байгальд санаатай болон санамсаргүй ил задгай хаягдсан хог хаягдлыг түүх, төвлөрүүлэх, тээвэрлэх нь өнөөдрийн хогны менежментэд тулгараад буй хамгийн бэрхшээлтэй асуудлуудын нэг болоод байна. Орон нутагт хаягдсан хог хаягдлын 1 хүрэхгүй хувь дахин боловсруулагдаж, 99% нь тухайн газрын хөрсөнд булагдаж байна. Хээр хөдөө хаягдсан хогийг цуглуулах ачилт, тээвэр, хөдөлмөрийн хүч, ложистик шийдвэрлэх боломжгүй учраас хог хаягдлыг үүсгэхгүй байхаас эхлэн, бууруулах, нэгэнт гаргасан бол ангилж ялган эцсийн хаягдлыг хамгийн бага байлгах нь аялагч бүрийн эрхэм үүрэг хариуцлага мөн болно.

 

1. ОРОН НУТАГТ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОГ ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛНЭ
Аялагчид орон нутгийн иргэдээс 2 дахин их хог хаягдал гаргадаг гэх судалгаа байдаг Тиймээс хоггүй аялах эсвэл маш бага үүсгэх нь орон нутгийн хогийн цэгийн зай талбайг хэмнэнэ.

2. АГААР, ХӨРС, УСНЫ БОХИРДЛООС СЭРГИЙЛНЭ
Зарим хог байгальд задарч шимэгдэж дуустал хөрс, ус, агаарт сөрөг нөлөөллийг байнга үзүүлдэг бөгөөд хуванцар сав баглаа боодол байгальд хэзээ ч бүр мөсөн задардаггүй. Хуванцар нь цаг хугацаа өнгөрөх тусам бичил, нано хэсгүүд болон задрах боловч байгальд огт шингэдэггүй. 20-хон минут хэрэглээд хаях хэрэггүй болсон зүйлс 200 жил ч оршин байна гэсэн үг. Та байгалийн сайханд тав тухтай аялсан бол хог үүсгэхээс татгалзаж талархсанаа илэрхийлээрэй.

3. БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛНА
Аялагчдын орхиж үлдээсэн хог хаягдал байгалийн олон
янз байдалд маш сөрөг нөлөөтэй бөгөөд зарим тохиолдолд үхлийн аюул ч дагуулдаг. Шувуудын гэдсэнд орсон метал, хуванцар бөглөөнүүд эсвэл савлагаанд гацаж биеийн гаж хөгжилтэй болсон амьтдын зурагнуудыг та харсан байх. Хэн нэгэнд гэмтэл хохирол учруулахгүйн тулд хариуцлагатай байж ил задгай хог үлдээхгүй аялаарай.

4. БАЙГАЛИЙН ХЯЗГААРЛАГДМАЛ НӨӨЦИЙГ ХЭМНЭНЭ
Байгалиас олборлож буй бүх төрлийн ашигт малтмал, газрын ба ойн баялаг, түүхий эдийг хэмнэхээс гадна ус, ургамал, амьтад, хуурай газрын ашиглалтыг бууруулдаг. Хог болох зүйлээс татгалзвал байгалийн хязгаарлагдмал нөөцийг хэмнэж биологийн олон янз байдлыг хамгаалж, ирээдүй хойчдоо хэрэглэх нөөцийг нь үлдээх хариуцлагатай үйлдэл юм.

5. ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ БУУРУУЛНА
Хог хаягдлын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг
савлагаанаас татгалзах, эсвэл ангилан тушаах нь
түүхий эд материалын олборлолт ба үүнээс үүдэх
хүлэмжийн хийн ялгаруулалтыг 37%-100% багасна.

6. ГҮНИЙ УСЫГ ХАМГААЛДАГ
Үүсэх эцсийн хог хаягдлын хэмжээ буурсанаар хөрс цаашлаад гүний усанд нэвчиж болзошгүй бохирдлоос сэргийлж чадна. Хог хаягдал устай нэгдэн задарснаар органик болон органик бус уусамтгай хорт нэгдлүүдийг үүсгэн бидний амьдралын зайлшгүй хэрэгцээт гүний усыг бохирдуулж байдаг байна. Мөн хогийн цэгээс ялгарч буй энэхүү хортой шингэн нь усны амьд организм, гол горхид нэвчвэл хүний эрүүл мэндэд шууд болон суурь өвчин үүсгэх шалтгаан болдог. Жишээ нь хэрэв тухайн ялгарсан шингэн хортой метал агуулсан бол хүний эрүүл мэндэд шууд сөргөөр нөлөөлнө.

7. ОЛОН ТӨРЛИЙН ӨВЧНӨӨС СЭРГИЙЛНЭ
Хог хаягдлаас ялгарах хортой бодисууд амьсгалын зам, зүрх судас, хоол боловсруулах эрхтэн, харшил болон архаг хууч өвчлөлүүдийг үүсгэх эрсдэлтэй байдаг. Хог хаягдал нийгмийн сэтгэл зүйд ч сөргөөр нөлөөлдөг. Аялагчдын сэтгэл зүйд хогны асуудал хамгийн хүчтэй сөрөг нөлөөг бий болгодог.

8. НҮҮДЭЛЧДИЙН УЛАМЖЛАЛТ СОЁЛОО ХАДГАЛНА
Монголын нүүдэлчин соёлд байгальдаа хог хаягдалгүй, ул мөр багатай амьдарч ирсэн
уламжлалтай. Энэ ёс заншил, ухааныг сэргээж үр хойчдоо өвлүүлэн уламжилна.

9. ӨӨРИЙН ЭКОЛОГИЙН УЛ МӨРИЙГ БУУРУУЛНА
Монгол хүний экологийн ул мөр дэлхийн дунджаас даруй 2.8 дахин их хэмжээтэй байна гэсэн тооцоо гарчээ. Иймээс өөрөөс хамаарах экологийн ул мөрөө бууруулах нь маш
чухал үр нөлөөтэй.

10. ИРЭЭДҮЙ ХОЙЧДОО БАЯЛАГ ӨВИЙГ ҮЛДЭЭНЭ
Хог үүсгэхгүй, ул мөргүй аялах нь ирээдүй хойчдоо үлдээх хамгийн том өв баялаг болно.

Leave Comment