WasteManagement-д тавтай морил Холбоо барих Гишүүнчлэл

Бүх зүйл үнэт, тиймээс ариг хямгатай байж, ямар ч хог хаягдалгүй байцгаая, “О хаягдал” зэрэг хөдөлгөөн дэлхийн олон оронд аль хэдийнэ өрнөчихсөн яваа. Бидний өдөр тутам иддэг хоол хүнс, хэрэглэдэг эд барааны баглаа таглаа, уут савнаас эхлэн жижиг том бүх л үлдэгдэл хаягдал хог болж газрын хөрс, агаар мандал, гол ус бохирдуулж дэлхийн уур амьсгалд муугаар нөлөөлж, хүн төрөлхтний амьдрал эрүүл мэндэд хортойгоор нөлөөлж, араатан жигүүртэн, өвс ургамал устаж алга болж буй билээ.

Ямар ч хог хаягдалгүй хэрхэн аж төрөх вэ?

Хягдал болж буй эд зүйлсээ хэрхэн 100 хувь, бүрэн дүүрэн ашиглах вэ гэсэн асуултад “Хүн бүр, айл болгоноос шалтгаална” гэсэн ганцхан хариулт бий. Өдгөө гэр ахуйн болон болон бусад хог хаягдлаа үр ашигтай ахин боловсруулж хэрэглэж яваа орнуудыг Швейцарь өнгөлж байна. Энэ улс хаягдлаа 100 хувь эргэн ашигладаг. 2000 оноос эхлэн хог хаягдлыг газарт булахаа зогсоож чадсан улс гэдгийг нь мөн тодотгох учиртай. Хоол хүнс ногоо цагааны үлдэгдэл хаягдлынхаа 53 хувийг бордоо болгож, эд материал эдлэл тавилгыг сэргээн засаж, өөрчлөн хувиргаж, ахин боловсруулж шинэчилээд хэрэгцээнд дахин гаргадаг. Үлдсэн 47 хувийг нь эрчим хүч гаргахад ашиглаж байгаа аж. Харин Швед улс хаягдлынхаа 99 хувийг ахин хэрэглэж байна.

Нийт хог хаягдлаасаа 16 хувийг нь бордоо болгож, ахин боловсруулах тал дээр түлхүү анхаарч, 35 төрлийн хаягдлаас байгаль орчинд хоргүйгээр эрчим хүч гаргаж авч 10 сая хүний орон сууцны дулааны халаалт, цахилгаан, нийтийн тээврийн автобус, таксины хэрэглээг шийдэж байна.

Скандинавын орны нэг болох Дани улс мөн л хог хаягдлынхаа 99 хувийг боловсруулж, эргэн ашигладаг ч зарим нэг үзүүлэлтээрээ Швед улсаас үл ялиг доогуур үзүүлэлттэй гэнэ. Дани улс нийт хаягдлынхаа 18 хувийг бордоо болгон хэрэглэдэг. Нийт хог хаягдлынхаа тал хэсэг буюу 53 хувийг эрчим хүч болгон хувиргахын зэрэгцээ, хаягдлаа маш нарийн зохион байгуулалт менежментээр ахин боловсруулж ахуйн хэргэцээндээ ашиглаж байгаа юмсанж.

Харин европын орнуудаас ахин боловсруулалт хийх талдаа хойрго, илүүдэл хаягдлыг ашиглах тал дээр хамгийн муу гурван улсад Турк, Грек, Латви багтдаг. Турк хог хаягдлынхаа 93 хувийг газрын хөрсөнд булдаг бол Грек 83 хувь, Латви 69 хувь гэсэн үзүүлэлттэй явж байна. Аль болох бага хог хаягдлыг газарт булах, байгаль орчныг онгон дагшин хэвээр үлдээх, шинээр худалдаж авахын оронд эргэж ашиглах, хэрэгцээнээсээ хэтэрсэн хувцас, эд материал цуглуулахгүй аж төрөх, цомхон эмх цэгцтэй орших амьдралын хэв маягт япончууд бусдаас түрүүлж орсон улс. Олог орон тэднээс суралцаж байгаа нь бахдууштай. Ингээд Японы Камикацү-гийн кейсийг сонирхуулъя.

Камикацу хотын тухай

Японы Камикацу хэмээх хөдөөний хот 2003 онд “Тэг хаягдал” гэсэн зорилготой амьдрахаа зарласан юм. Уг тосгоныхон ахуй болон үйлдвэрээс гарч буй хаягдлаа 45 төрөл ангилалд хуваажээ. Зөвхөн цаасыг гэхэд 9 төрөл хэсэгт ялгаж ангилж, хэрхэн яаж хаягдалгүй амьдрахыг том том хотуудад заасаар байна. Ангилсан хог хаягдлаа ахин боловсруулах төвд буюу “О хаягдал” төвд илгээхдээ нойтон чийгтэй зүйл өгч болохгүй, бүгд угааж цэвэрлэсэн хуурай байх журам энд үйлчилдэг.

Солилцох дэлгүүр

Камикацугийнхан бас нэгэн зүйлд анхаарлаа хандуулдаг нь “Солилцох дэлгүүр” юм. Нярай хүүхдийн өлгий, өмсөж амжаагүй багадсан гутал хувцас тоглоомыг залуу ээж аав нарт өгөх, өөрт хэрэгцээгүй зүйлсийг хэрэгтэй юмаар солилцох, эсвэл зүгээр л өгөхийг хүссэн хүмүүс энэ дэлгүүрийг зорино. Хотын захиргаа иргэдээсээ хэрэгцээгүй эд зүйлсийг нь авч, оронд нь байгальд ээлтэй бүтээгдэхүүн өгдөг. Захиргаанаас өгч буй эдгээр бүтээгдэхүүн нь байгаль орчинд ээлтэйн дээр бүгд дахин боловсруулсан эд бараа гэдгээрээ онцлогтой. Камикацу хотынхон ийнхүү дахин боловсролт хийснээрээ хог хаягдлаасаа их мөнгө олж, олсон их мөнгөө бас хэмнэж чадаж байгаа аж.

Япончууд аль эрт 1997 онд гаргасан хуулиндаа, хотын суурингийн дарга эрх баригчид хог хаягдал ахин боловсруулалт дээр оршин суугч иргэдтэйгээ хамтран ажиллах ёстой хэмээн заажээ.

“Куру Куру” дэлгүүр

куру куру дэлгүүр“Куру Куру” дэлгүүр нь бүхнийг хэмнэх ариг гамтай байх зорилгоор байгуулагдсан бөгөөд энэхүү дэлгүүрт хэрэглээгүй батарей, таваг суулга, хувцас, төрөл бүрийн тоглоом, гэр байгууллагын тавилга гээд хүнд хэрэгцээтэй бүхэн бий. “Куру Куру” дэлгүүр нь “О хаягдал төв”-тэй залгаатай байдаг бөгөөд иргэдээс хэрэглэхгүй бараа тавилга эдийг килограммлаж авна. 2021 оны зөвхөн нэгдүгээр сард гэхэд 446.788 кг эд зүйлс эзэнтэй болжээ. Энэхүү “О хаягдал төв”- тэй холбоотой ажилладаг барилга архитекторийн ажилтанууд олон шинэ санаа гаргаж барилгад ахин ашиглаж байна.

Шар айрагны үйлдвэрлэл

Японы ”Rice & Win Brewing Company” шар айрагны компанийнхан буудай, цагаан будааны үлдэгдэл хаягдалгүй байх, хэрхэн яаж хэмнэлттэй хэрэглэх арга замыг олжээ. Ийнхүү хоёр төрлийн шар айргийг ямар ч хаягдалгүйгээр гаргаж авчээ. Будаа болон шар айргийн энэ компанийнхан мөн бусад олон үйлдвэрлэгчидтэйгээ холбогдож илүүдэж үлдсэн хүнс будаа ногоог ашиглах болсон төдийгүй байгальд ээлтэй бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж эхэлсэн байна.

Шар айраг үйлдвэрлэгчид олон жилийн туршид үрэгдэл хорогдол багатай, үр ашигтай ихтэй ажиллах арга замууд эрэлхийлж, үлдэгдэл будаа, үр тариа, шаарыг бордоо болгож газар тариалан эрхлэгчдэд хүргэж өгөх хүнд хэцүү, нөр их ажил хийсэн аж. “Rice & Win Brewing Company” нь ашигласан улаан буудайгаа шингэн бордоо болгож хувиргаад арвай тариалсан хөрсөө бордож арвин их ургац хурааж шар айргаа үйлдвэрлэсэн нь амжилт олжээ. Энэ талаар тус компанийн менежер Аки Икезое “ Бид эдийн засгийн эргэх системд эргэлт буцалтгүй орж чадсандаа үнэхээр сэтгэл хангалуун байна” хэмээж.

“Яагаад” нэртэй зочид буудал

куру куру дэлгүүр“О хаягдал” төвийн газар дээр 2020 онд “Яагаад ” хэмээх нэртэй зочид буудлыг асуултын тэмдэгийн хэлбэртэйгээр барьжээ. Зочид буудлын нэрний агуулга их энгийн. Яагаад бид ийм их хог хаягдал тариад байна вэ гэх асуултыг хүн бүрт тавьж буй хэрэг л дээ. Уг буудлын өрөөнүүдэд ороход одон гаригийн байршил харагдаж яг л ой модон дунд дахь тусгай кабинд байгаа мэт сонин сайхан мэдрэмж төрдөг аж. Зочид буудалд буусан хүмүүс зургаан төрлийн саванд хогоо ангилан хийнэ.

Буудлын чимэглэлийн материал бүгд дахин ашиглаж боловсруулсан материал төдийгүй давуун зүйдлээр гайхалтай сайхан оёсон хөнжил таныг угтана. Олсоор сүлжээ зангилаа хийж, эртний хуучин тавилгуудыг орчин үед тааруулан өөрчилж чадсаныг энд харах боломжтой. “Яагаад” буудал нь ирсэн зочидынхоо хэрэгцээт зүйлийг нийлүүлэхдээ ч ухаалаг ханддаг. Яг л хэрэглэх хэмжээнийх нь саван, шампунь, кофе цайны цаасан аяга өгнө. Энд юуг ч хамаагүй өгч илүү хэрэглээ үүсгэдэггүй.

Хоолны хаягдлыг багасгах шийдэл

Камикацу хотын иргэд аль болох хоол хүнс муутгах, дэмий үрж, хаяхыг багасах тал дээр анхаарч ажиллаж байна. Жишээ татахад “Алтан гадас” кафе карри оруулагчийг орон нутагтаа тарьдаг ногооноос гарган авчээ.

1986 оноос эхлэн Камикацу хотын 154 гэр бүл ой үржүүлгийн төсөлд оролцож эхэлсэн байна. Хамгийн сонирхолтой нь төсөлд ажилладаг хүмүүсийн ихэнх нь 70 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүд аж. Тэд гоёмсог хээ чимэг болох ургамал, тансаг үнэрт ургамал навчыг түүж цуглуулж өөрийн орондоо төдийгүй Азийн олон орны гоо сайхны газруудад нийлүүлдэг байна.

Унаа машинаа хуваах систем

Камикацугаас ойролцоох хот Токушима руу машинаар явахад цаг гаруй хугацаа зарцуулна. Ийм учраас нисэх явж байгаа болон нисэхээч ирж буй хүмүүс машинаа дундаа хуваан унаж байх хэмнэлтийн системд шилжжээ.

Эх сурвалж: https://www.nio.mn/

Leave Comment