WasteManagement-д тавтай морил Холбоо барих Гишүүнчлэл

Хог хаягдлаа ангилах нь дахин боловсруулалтын “эхний алхам” хэмээгддэг. Үнэн хэрэгтээ жинхэнэ эхний алхам нь үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүн болон эцэст нь хог болох сав, баглаа боодлыг үйлдвэрлэхдээ дахин боловсруулах боломжтой материал, загварыг сонгохоос эхлэх ёстой юм. Харамсалтай нь өнөөдөр дийлэнх үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн, сав баглаа боодлоо дахин боловсруулагдахгүй материалаар хийх, эсвэл дахин боловсруулалтад оруулах боломжгүй загвар (жишээ нь олон давхар эсвэл олон төрлийн материал холих) ашиглах нь элбэг байсаар байна. Иймээс л хамгийн том хог хаягдал үүсгэгчид өөрчлөлт хийхгүй бол хүн бүр хог хаягдлаа төгс ангилсан ч хог хаягдлын асуудал хэвээр, дийлэнх хог хаягдал байгаль орчныг бохирдуулсан хэвээр л байх болно.
Дээр нь онолын хувьд “дахин боловсруулагдана” гэсэн тэмдэглэгээ нь бодит амьдрал дээр “дахин боловсруулагддаг” гэсэн үг биш. Ямар нэг материалыг дахин боловсруулахад түүнд зориулсан техник шийдэл нь байх хэрэгтэй бөгөөд ихэнх тохолдолд тус материалыг бусад материалаас ангилан ялгах үе шатанд нэмэлт технологи (эсвэл маш олон хүний хүч) шаардлагатай болдог. Мөн энэ үйл ажиллагааг тухайн нөхцөлд тохирсон ямар нэгэн эдийн засгийн хүчин зүйл хөдөлгөж байх учиртай. Гэтэл өнөөдөр эдийн засгийн (хэт өндөр өртөгтэй технологи эсвэл ажлын хүч, дахин боловсруулсан материал нийлүүлэх зах зээл хангалтгүй) болон зарим дахин боловсруулсан материалын чанаргүй байдлаас шалтгаалан энэ үйл ажиллагаа тогтвортой явж чадахгүй байна.
Хэрэв бид үйлдвэрлэгчдийн “хариуцлага”-ын үүднээс харвал дахин боловсруулалтыг зөвхөн техникийн түвшинд (онолын хувьд эсвэл бусад оронтой харьцуулан одоо байхгүй, ирээдүйд нутагшуулах технологит суурилах) авч үзэх нь өрөөсгөл бөгөөд бодит байдал, орон нутгийн онцлог, нөөц бололцоог илүү анхаарах нь чухал юм.

Leave Comment