WasteManagement-д тавтай морил Холбоо барих Гишүүнчлэл

“100% дахин боловсруулагдана” гэх мэт хэллэгийг тогтмол хэрэглэх нь хүн бүр хог хаягдлаа сайтар ангилж, үйлдвэрүүд зөвхөн дахин боловсруулагддаг материал ашигладаг болчихвол бид хог хаягдлаа эцэс төгсгөлгүй дахин боловсруулж чадах төгс тойрог эдийн засагтай, хог хаягдалгүй орчинд амьдрах мэт сэтгэгдэл төрүүлдэг. Харамсалтай нь энэ бол биелшгүй мөрөөдөл. Бид ийм мөрөөдөлд ид шидийн хүчээр гэнэт хүрсэн ч хог хаягдал алга болохгүй, учир нь дахин боловсруулалтыг олон давагдашгүй асуудал, хязгаарууд дагаж байдаг.
Эхний асуудал нь бид зөвхөн эргүүлэн цуглуулсан дахивруудыг л дахин боловсруулах боломжтой бөгөөд ангилалт ч мөн өөрийн хязгаартай. Ямар ч тохиолдолд маш их нөөц хэрэглээний явцад тархан алдагддаг (жишээ нь нэмэлт орцууд). Иймээс ийн устсан нөөцийг дахин боловсруулах эргэлтэд оруулах боломжгүй бөгөөд түүхий эдийн эргэлтийг хангахын тулд дахин байгалийн нөөц олборлосон хэвээрээ л байна гэсэн үг. Дэлхий дахин жил бүр олборлосон 100 тэрбум тонн байгалийн нөөц тутмын 37 тэрбум тонныг дахин сэргээх боломжгүй бөгөөд тархан алдагдах, хий үүсгэх гэх мэтээр алга болгодог байна. Тиймээс үүнийг дахин боловсруулах боломжгүй юм.
Аливаа бүтээгдэхүүний нэмэлт орцууд нь дахин боловсруулалтын техникийн шийдэлд мөн саад учруулдаг. Жишээ нь хуванцар болон шилнээс өнгө оруулагч бодисыг салгах боломжгүй учир дахин боловсруулах боломжийг ихээр хязгаарладаг. Дахин боловсруулах материалд өмнө нь агуулагдаж байсан бусад нэмэлт бодисууд угааж ариутгасан ч ул мөрөө үлдээх нь бий. Жишээ нь цэвэрлэгээний бодисууд хуванцар савандаа ул мөрөө үлдээснээр тус хуванцрыг дахин боловсруулаад хүнсний сав, баглаа боодолд ашиглах боломжгүй. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэхийн тулд дахивар материалыг маш өндөр нарийвчлал, стандартын дагуу ангилах шаардлагатай болно. Гэтэл энэ нь практикийн хувьд бол боломжгүй юм.
Дахивар материалууд маш олон төрлийн бохирдол, хортой нэгдлүүд агуулдаг нь дахин боловсруулах явцыг ихээр хүндрүүлж эсвэл боломжгүй болгох нь элбэг. Хуванцар, метал гэх зэрэг хэд хэдэн төрлийн холимог орц нь мөн л дахин боловсруулах явцад салгах боломжгүй тул асуудал ихээр үүсгэдэг байна.
Энэ мэт практик асуудлууд л 100% дахин боловсруулах зорилгод хүрэх боломжгүйг харуулж байна. Үүн дээр нэмээд дахин боловсруулах явцаас материалын чанар муудах, элэгдэх нь төгсгөлгүй дахин боловсруулалт хүршгүй мөрөөдлийг дахин батална. Жижиг сажиг асуудлуудыг эс тооцвол төмөр, шил гэх мэт материалыг төрөл өнгө зэргээр нь төгс ангилж чадсан бол онолын хувьд төгсгөлгүй дахин боловсруулах боломжтой ч хуванцар гэх мэт бусад материалын хувьд боломжгүй юм. Хуванцарыг дахин боловсруулахад түүний физик чанар буурдаг тул өмнөх шигээ бүтээгдэхүүн болох бараг л боломжгүй. Жишээ нь ус ундааны савыг эргүүлээд бүгдийг нь шинэ сав болгодоггүй ба дийлэнхийг зэрэг бууруулж өөр төрлийн бүтээгдэхүүн болгодог байна. Дахин боловсруулах явц бүрт чанар нь буурч байдаг тул төд удалгүй дахин боловсруулах боломжгүй болж хог дээр хаягдах, эсвэл шатаах үйлдвэрт очдог.
Үнэндээ бол дийлэнх хуванцар зөвхөн нэг л удаа дахин боловсруулагддаг бөгөөд үүний дараа хаягдаж орчин бохирдуулах эсвэл шатаж хортой хий ялгаруулдаг. Яг өмнөх шигээ шинэ бүтээгдэхүүн болж дахин боловсруулагдлаа гэж бодоход энэ явцад ч материал бага багаар алдагдаж байдаг. Өөрөөр хэлбэл ус ундааны саваар шинэ ус ундааны сав хийсэн ч нэг шинэ сав хийхэд хэд хэдэн сав хэрэгтэй гэсэн үг юм. Энэ биет хязгаар нь материалыг жинхэнээс нь (зэрэг бууруулахгүйгээр) дахин боловсруулсан ч нэмэлт байгалийн нөөц (хуванцарын хувьд газрын тос) олборлож алдагдсан материалыг нөхөх шаардлагатай гэсэн үг юм. Ийм учраас дахин боловсруулалт байгалийн нөөцийг орлоно гэдэг нь худлаа бөгөөд бидний үйлдвэрлэл/хэрэглээний урсгал өнөөгийнх шиг хэвээрээ байгаа цагт бүр ч худлаа юм.
Эцэст нь ангилалтаас ангид энэ бүх асуудлууд яагаад дэлхий дахинд хуванцар сав баглаа боодлын дөнгөж 14% нь дахин боловсруулагдаж үүний зөвхөн 2% нь үр дүнтэйгээр (өмнөх шигээ бүтээгдэхүүн болно) үлдсэн 12% нь зэрэг буурч дахин боловсруулагдаж байдгаас харж болно. Тиймээс хуванцарын тогтвортой дахин боловсруулалт нь биелшгүй мөрөөдөл юм.

Leave Comment