Чухал хэрэгцээтэй боловч цэгцтэй мэдээлэл багатай сэдвүүдийг энгийн үгээр, сонирхолтой хэлбэрээр тайлбарлах зорилготой “Тайлбарлах нь” цувралын шинэ дугаарт тавтай морил. Өнөөдрийн сэдэв бол хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах тухай юм. Хоол хүнс бол хүний эрүүл мэнд, өсөлт хөгжилт, амьдралын эрч хүчийг тэтгэдэг хамгийн чухал эх сурвалж. Гэхдээ айл бүрийн ширээн дээр орхисон хоол, хогийн саваар дүүрэн хүнсний үлдэгдэл нь байгаль дэлхийд хор хөнөөл учруулж, тэр бүхнийг зүй зохистой хаях өртөг зардал өдрөөс өдөрт өссөөр байна. Тиймээс алхам бүрдээ хариуцлагатай байх дадал зуршил, эх дэлхийгээ хайрлах ухамсрыг бүтээхийн тулд хог хаягдлыг дахин боловсруулах тухай сэдвийг онцолж, мэдвэл зохих бүхнийг тайлбарлахаар бэлтгэлээ.
ХОГ ХАЯГДЛЫН ТУХАЙ ХӨӨРӨЛДӨХ НЬ
Хүн төрөлхтний оршин тогтнох, өсөж үржих, хийж бүтээх зэрэг амьдралын бүхий л үйл ажиллагааны анхдагч нөхцөл нь хүнс, хоол тэжээл юм. НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас 2050 он гэхэд дэлхийн нийт хүн амын тоо 9.1 тэрбумд хүрч, хүнсний хэрэгцээ 70 хувиар нэмэгдэх тооцоо гаргаад буй билээ.
Гэтэл бид өмсдөггүй хувцас, хэрэглэдэггүй эд зүйлс, идээгүй хоолны үлдэгдэл гэх зэрэг хог хаягдал дунд хэзээ ч дуусашгүй материаллаг хэрэгцээнийхээ хүсэлд хөтлөгдөн амьдарсаар. Хүн төрөлхтөн өдгөө жил бүр 2.12 тэрбум тонн хог хаягдал гаргаж байна. Тэдгээрийг ачааны машинд овоолон цуваа үүсгэх юм бол дэлхийг 24 удаа ороож хүрэхүйц их хэмжээтэй гэвэл та итгэх үү?
ТООНЫ ХЭЛЭЭР
2.9 сая: Манай улс жилдээ 2.9 сая тонн хатуу хог хаягдал гаргадаг. Үүний 1.2 сая тонн нь зөвхөн Улаанбаатар хотоос гарч байна.
7: Улаанбаатар хотын хог хаягдлын хэмжээ 10 жилийн өмнөхөөс долоо дахин нэмэгдсэн.
72%: Тэдгээр хог хаягдлын 72 хувь нь зориулалтын хогийн цэгт очдог бол долоон хувь нь задгай хаягдаж байна.
281000: Улсын хэмжээнд хогийн цэгт очиж буй хог хаягдлын хэмжээ жил бүр 281 мянган тонноор нэмэгдэж байна. Гэвч албан ёсны хог хаягдал булшлах цэгүүдийн хүчин чадал дээд түвшиндээ хүрч, Нарангийн энгэрт байгуулагдсан хог булшлах цэг энэ оны эцэс гэхэд хаагдахад хүрээд байгаа юм.
17-20%: Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд 2020 он гэхэд хог хаягдлын 20 хувийг дахин боловсруулдаг болно гэж тусгасан байдаг. Өдгөө манай улс 17-20 орчим хувийг дахин боловсруулж байна. Харин хүнсний хог хаягдлыг дахин боловсруулдаггүй.
41%: Улаанбаатар хотод зуны улиралд орон сууцны өрхийн нийт хог хаягдлын 41 хувийг, өвлийн улиралд 36.2 хувийг зөвхөн хүнсний хаягдал эзэлж байна. Айл өрхийн хог хаягдлын ихэнхийг хүнсний хаягдал бүрдүүлж буй.