WasteManagement-д тавтай морил Холбоо барих Гишүүнчлэл

ХОГГҮЙ АЯЛЛЫГ ТѲЛѲВЛѲХ, БЭЛТГЭХ НЬ

Доорх нэг удаагийн хэрэгслүүдийг хэрэглээд хаяхаас татгалзаж олон удаа хэрэглэх бүтээгдэхүүн, хэрэглэлүүдийг сонгон авч яваарай. Мөн худалдан авалтаа хийхдээ аль болох савлагааг салган дахиврын цэгүүдэд тушааж болохуйцаар зохицуулалт хийгээрэй. Жишээ нь будаа, ногоо гэх мэт кг-ийн бараа бүтээгдэхүүнийг байнга хэрэглэх жижиг даавуун уутнуудад юүлээд савлагааг нь дахиварт тушааж болно. Энэ нь мөн зай талбай хэмнэх давуу талтай.

 

ХАЛБАГА, СЭРЭЭ, ХУТГА, СОРУУЛ:
Аялалд зайлшгүй авч явах хэрэгсэл бѳгѳѳд нэг удаагийн халбага сэрээнээс татгалзаж
орлуулахад их хэмжээний хог үүсэхээс сэргийлнэ. Нэг удаагийн соруулыг орлуулж болох тѳмѳр, хулсан, силиконон гээд маш олон сонголт бий.

ХАЛУУНАА БАРЬДАГ АЯГА:
Бидний ѳдѳр тутмын эрч хүч энерги авдаг зүйл маань яах аргагүй халуун кофе байдаг ч үүнийгээ дагаад нэг удаагийн хэрэглээ ѳдѳр ѳдрѳѳр ихсэж буй. Хэрэв бид ѳѳрийн аягаа авч явж хэвшвэл жилд 500 ширхэг нэг удаагийн аяганаас татгалзах боломжтой.

УСНЫ САВ:
Маш их хэмжээний хог хаягдал үүсэхээс сэргийлж болох хамгийн энгийн арга бол усны саваа өөртөө авч явах. Та усны савтай явсанаар дэлхий дээр өдөрт зарагддаг 1,5 тэрбум хуванцар савыг багасгахад хувь нэмрээ оруулж байна гэсэн үг юм. Нэг сав ус худалдан авахад та дан ганц хуванцарын хог үүсгэж байгаа биш түүнийг үйлдвэрлэхэд болон тээвэрлэхэд ашиглагдсан нүүрсхүчлийн хийг өөрийн экологийн ул мөр дээрээ нэмж байна гэсэн үг. Бид маш их хэмжээний нэг удаагийн хэрэгсэл ашигладаг боловч 10 хүрэхгүй хувь нь дахин боловсруулагддаг байна. Дахин боловсруулагдаагүй хуванцар нь хогийн цэг, хог шатаах зуух бүр цаашлаад далайд тэнгист хуримтлагддаг.

УС ЦЭВЭРШҮҮЛЭГЧ:
Ус цэвэршүүлэгч авч явах нь савлагаатай уснаас татгалзах хамгийн сайн арга болдог.

ХУЛСАН ШҮДНИЙ СОЙЗ:
Сойз нь олон төрлийн хуванцраас бүтдэг дахин боловсруулагдахад төвөгтэй бүтээгдэхүүн бөгөөд хуванцарыг орлох байгальд ээлтэй хулсан сойз элбэг болсон байна.

ҮСНИЙ ХАТУУ ШАМПУНЬ, АНГИЖРУУЛАГЧ:
Хуванцар савтай шампуниас татгалзсанаар их хэмжээний хаягдал үүсэхээс сэргийлж чадна. Нэг хатуу шампунь нь 80 хүртэл угаалтад хүрэх буюу 2-3 сав шингэн шампуньтай тэнцэнэ.

ДААВУУН ТОР, УУТНУУД:
Дахин ашиглагдах даавуун тор, уутнуудыг ашиглан гялгар уутнаас татгалзсанаар та эх дэлхийнхээ тогтвортой байдлыг хадгалахад маш том хувь нэмэр оруулж байгаа юм. Та хэд хэдэн даавуун торыг авч явбал олон зориулалтаар ашиглаж болно.

ДАХИН АШИГЛАДАГ ХООЛНЫ САВ:
Хоолны сав авч явах нь зай эзэлсэн, овортой эсвэл шаардлагагүй санагдаж болох ч илүүдэл хоолны хаягдал мөн байгальд хамгийн их хаягддаг хуванцар хаягдлыг үүсэхээс сэргийлж, багасгаж чадна.

ХОГ ХАЯГДАЛГҮЙ АЯГА ТАВАГ УГААГЧ:
Энэхүү аяга угаагч нь хуванцарын бохирдол үүсгэхгүйгээс гадна бусад энгийн угаагчид агуулагддаг хортой химийн бодисууд агуулдаггүйгээрээ онцлог.

ЭКО УГААЛГЫН НУНТАГ:
Эдгээр нь байгаль орчин, эрүүл мэндийг хордуулах хүчтэй химийн бодисууд агуулдаггүйгээрээ онцлогтой.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АРИУН ЦЭВРИЙН ХЭРЭГСЭЛ:
Нэг удаагийн ариун цэврийн хэрэгслийн оронд сарын тэмдгийн аяга, угаадаг даавуун хэрэгсэл хэрэглэх нь аялалын туршид үүсэх хогноос сэргийлэхээс гадна таныг тав тухтай байлгаж чадна. Мөн эдийн засагт ч хэмнэлттэй.

ЭКО ХҮҮХДИЙН ЖИВХ:
Бага насны хүүхэдтэйгээ аялахад хамгийн ихээр үүсдэг хог хаягдлын нэг нь яах аргагүй хүүхдийн живх юм. Хуванцрын орцтой хүүхдийн живх хөрсөнд задрах хүртлээ аюултай бичил хуванцар болдог учир хэрхэвч хөдөө
хээр хаяж болохгүй. Үүний оронд байгальд ээлтэй угаадаг даавуун живх, эсвэл 100% цэвэр хөвөн даавууны орцтой живх хэрэглэж хэвших, хэрэв нэг удаагийн живх хэрэглэсэн бол төвлөрсөн цэгт хаях шаардлагатай.

САЛФЕТКА, 00 ЦААС:
Дийлэнх нойтон Салфетик нь хуванцар бүтээгдэхүүн байдаг бөгөөд байгальд шингэхгүй. Иймээс нойтон салфеткаас аль болох татгалзаж даавуун алчуурыг норгож битүү саванд хийгээд ашиглаж хэвших нь хамгийн зөв юм. Хөдөөгийн үзэсгэлэнгэ хамгийн ихээр гутаадаг, бохирдуулдаг хогны төрөл бол 00 цаас. Тиймээс 00 цаас хэрэглэх бол байгальд ил задгай хаяхгүй байх, мөн анхнаасаа худалдан авалт хийхдээ хөрс усанд түргэн задардаг орцтойг худалдан авах 00 цаас авах сонголтууд хийгээрэй.

ХУРУУ ЗАЙ ЦЭНЭГЛЭГЧ:
Зай нь кадми, хар тугалга, мөнгөн ус, лити зэрэг хортой хүнд металлууд агуулдаг. Нэг ширхэг хуруу зай 4 м.кв талбайг бохирдуулж, 800 мянган литр усыг бохирдуулах сөрөг нөлөөтэй учир ил задгай хаяж болохгүй аюултай хог хаягдлын төрөл болно.

ХОГНЫ УУТ:
Машинд зай эзлэхгүй запас дугуйны гадуур унжуулдаг бөх хогны уут авч ангилсан дахивар болон бусад хогоо ачиж яваад, хамгийн ойрын цэг дээр хаях эсвэл тушаах.

БОРДОО БОЛДОГ АШИГТАЙ БИЧИЛ БИЕТНЭЭР ИДЭВХЖҮҮЛСЭН БИО БЭЛДМЭЛ:
Тус бодисыг хөдөө хээр явж байх үед гарсан бүх төрлийн хүнсний хог хаягдал болон 00-ын бохирдлыг хөрсөнд шим тэжээлтэй бордоо болгох зорилгоор хэрэглэнэ.

 

ХОГГҮЙ АЯЛАХ 10 ШАЛТГААН

Байгальд санаатай болон санамсаргүй ил задгай хаягдсан хог хаягдлыг түүх, төвлөрүүлэх, тээвэрлэх нь өнөөдрийн хогны менежментэд тулгараад буй хамгийн бэрхшээлтэй асуудлуудын нэг болоод байна. Орон нутагт хаягдсан хог хаягдлын 1 хүрэхгүй хувь дахин боловсруулагдаж, 99% нь тухайн газрын хөрсөнд булагдаж байна. Хээр хөдөө хаягдсан хогийг цуглуулах ачилт, тээвэр, хөдөлмөрийн хүч, ложистик шийдвэрлэх боломжгүй учраас хог хаягдлыг үүсгэхгүй байхаас эхлэн, бууруулах, нэгэнт гаргасан бол ангилж ялган эцсийн хаягдлыг хамгийн бага байлгах нь аялагч бүрийн эрхэм үүрэг хариуцлага мөн болно.

 

1. ОРОН НУТАГТ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОГ ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛНЭ
Аялагчид орон нутгийн иргэдээс 2 дахин их хог хаягдал гаргадаг гэх судалгаа байдаг Тиймээс хоггүй аялах эсвэл маш бага үүсгэх нь орон нутгийн хогийн цэгийн зай талбайг хэмнэнэ.

2. АГААР, ХӨРС, УСНЫ БОХИРДЛООС СЭРГИЙЛНЭ
Зарим хог байгальд задарч шимэгдэж дуустал хөрс, ус, агаарт сөрөг нөлөөллийг байнга үзүүлдэг бөгөөд хуванцар сав баглаа боодол байгальд хэзээ ч бүр мөсөн задардаггүй. Хуванцар нь цаг хугацаа өнгөрөх тусам бичил, нано хэсгүүд болон задрах боловч байгальд огт шингэдэггүй. 20-хон минут хэрэглээд хаях хэрэггүй болсон зүйлс 200 жил ч оршин байна гэсэн үг. Та байгалийн сайханд тав тухтай аялсан бол хог үүсгэхээс татгалзаж талархсанаа илэрхийлээрэй.

3. БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛНА
Аялагчдын орхиж үлдээсэн хог хаягдал байгалийн олон
янз байдалд маш сөрөг нөлөөтэй бөгөөд зарим тохиолдолд үхлийн аюул ч дагуулдаг. Шувуудын гэдсэнд орсон метал, хуванцар бөглөөнүүд эсвэл савлагаанд гацаж биеийн гаж хөгжилтэй болсон амьтдын зурагнуудыг та харсан байх. Хэн нэгэнд гэмтэл хохирол учруулахгүйн тулд хариуцлагатай байж ил задгай хог үлдээхгүй аялаарай.

4. БАЙГАЛИЙН ХЯЗГААРЛАГДМАЛ НӨӨЦИЙГ ХЭМНЭНЭ
Байгалиас олборлож буй бүх төрлийн ашигт малтмал, газрын ба ойн баялаг, түүхий эдийг хэмнэхээс гадна ус, ургамал, амьтад, хуурай газрын ашиглалтыг бууруулдаг. Хог болох зүйлээс татгалзвал байгалийн хязгаарлагдмал нөөцийг хэмнэж биологийн олон янз байдлыг хамгаалж, ирээдүй хойчдоо хэрэглэх нөөцийг нь үлдээх хариуцлагатай үйлдэл юм.

5. ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ БУУРУУЛНА
Хог хаягдлын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг
савлагаанаас татгалзах, эсвэл ангилан тушаах нь
түүхий эд материалын олборлолт ба үүнээс үүдэх
хүлэмжийн хийн ялгаруулалтыг 37%-100% багасна.

6. ГҮНИЙ УСЫГ ХАМГААЛДАГ
Үүсэх эцсийн хог хаягдлын хэмжээ буурсанаар хөрс цаашлаад гүний усанд нэвчиж болзошгүй бохирдлоос сэргийлж чадна. Хог хаягдал устай нэгдэн задарснаар органик болон органик бус уусамтгай хорт нэгдлүүдийг үүсгэн бидний амьдралын зайлшгүй хэрэгцээт гүний усыг бохирдуулж байдаг байна. Мөн хогийн цэгээс ялгарч буй энэхүү хортой шингэн нь усны амьд организм, гол горхид нэвчвэл хүний эрүүл мэндэд шууд болон суурь өвчин үүсгэх шалтгаан болдог. Жишээ нь хэрэв тухайн ялгарсан шингэн хортой метал агуулсан бол хүний эрүүл мэндэд шууд сөргөөр нөлөөлнө.

7. ОЛОН ТӨРЛИЙН ӨВЧНӨӨС СЭРГИЙЛНЭ
Хог хаягдлаас ялгарах хортой бодисууд амьсгалын зам, зүрх судас, хоол боловсруулах эрхтэн, харшил болон архаг хууч өвчлөлүүдийг үүсгэх эрсдэлтэй байдаг. Хог хаягдал нийгмийн сэтгэл зүйд ч сөргөөр нөлөөлдөг. Аялагчдын сэтгэл зүйд хогны асуудал хамгийн хүчтэй сөрөг нөлөөг бий болгодог.

8. НҮҮДЭЛЧДИЙН УЛАМЖЛАЛТ СОЁЛОО ХАДГАЛНА
Монголын нүүдэлчин соёлд байгальдаа хог хаягдалгүй, ул мөр багатай амьдарч ирсэн
уламжлалтай. Энэ ёс заншил, ухааныг сэргээж үр хойчдоо өвлүүлэн уламжилна.

9. ӨӨРИЙН ЭКОЛОГИЙН УЛ МӨРИЙГ БУУРУУЛНА
Монгол хүний экологийн ул мөр дэлхийн дунджаас даруй 2.8 дахин их хэмжээтэй байна гэсэн тооцоо гарчээ. Иймээс өөрөөс хамаарах экологийн ул мөрөө бууруулах нь маш
чухал үр нөлөөтэй.

10. ИРЭЭДҮЙ ХОЙЧДОО БАЯЛАГ ӨВИЙГ ҮЛДЭЭНЭ
Хог үүсгэхгүй, ул мөргүй аялах нь ирээдүй хойчдоо үлдээх хамгийн том өв баялаг болно.

Д.Батжаргал: Улаанбаатар хотод хог хаягдлаас өдөрт 190 сая төгрөгийн эдийн засгийн эргэлт гаргаж байна

-Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгж байгууллагын хогны хураамжийг нэмэх хэрэгтэй-

 

Монгол Улсын Хог хаягдлын тухай хуулийг УИХ-аар 2017 онд шинэчлэн баталсан. Энэ хуулиар “Хог үүсгэгч нь төлөх” зарчимд үндэслэн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн тарифыг тогтоох. Жагсаалтаар тодорхойлсон нэр төрлийн бүтээгдэхүүний хаягдал, тэдгээрийн сав баглаа боодлоос үүсэх хог хаягдлыг эргүүлэн цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах, экспортлох үүргийг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч болон импортлогч хариуцах үүрэгтэй хэмээн үүрэг хариуцлагыг тодорхойлсон байдаг. Жагсаалтад, бүх төрлийн зай хураагуур, аккумлятор, химийн хорт болон аюултай бодисын сав баглаа боодол, хуванцар сав суулга, түүхий эд, нийлэг уут гэх зэрэг бидний мэддэг олон зүйлс багтсан. Гэвч өнөөдөр энэ үүрэг хариуцлагыг биелүүлдэг нь хэд билээ. Боловсруулах үйлдвэрүүдэд үнэхээр импортлогчид болоод үйлдвэрлэгчид тушаадаг гэж үү. Бид энэ талаар тодруулж, Монголын Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны тэргүүн Д.Батжаргалтай ярилцлаа.

 

-Монгол Улс нийт хог хаягдлынхаа хэдэн хувийг дахин боловсруулж чаддаг вэ. Ер нь боловсруулах боломжтой хог хаягдлынхаа хэдэн хувийг хаядаг бол… Ийм статистик мэдээлэл байдаг уу?

-Олон улсад нийт хог хаягдлын 50-60 хувийг дахин боловсруулах боломжтой гэж үздэг. Өндөр технологитой, хөгжилтэй орнуудын хувьд энэ тоо 80-90 хувь байдаг.

Статистик мэдээгээр Монгол улсын хэмжээнд жилд 3,5 сая тонн хог гардаг. Гэтэл үүний 3-4 хувийг л дахин боловсруулдаг. Хэрвээ шатаах үйлдвэртэй бол  дахин боловсруулалтын 30 хувийг эрчим хүч үйлдвэрлэхэд зарцуулна гэсэн үг. Энэ нь хог хаягдлыг сэргээн ашиглах буюу эрчим хүч үйлдвэрлэх технологи. Манай улсын хувьд энэ технологи, үйлдвэр байхгүй. Ер нь, Монголын нөхцөлд 50-60 хувийг дахин боловсруулах боломжтой гэж хардаг.

Харин дахин ашиглах гэдэг бол зориулалтыг нь өөрчлөөд ч юм уу ашиглах процесс. Монголд түгээмэл гэж хэлж болно. Гэхдээ байгаль орчин, нийгэмдээ илүү ашиг тустай нь хог хаягдлыг дахин боловсруулах. Энэ салбар дангаараа бол хөгжихгүй. Заавал шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр байж гэмээнээ гарч байгаа хог хаягдлын хэмжээ, оврыг багасгаж байдаг юм.

-Нийт хог хаягдлын 3-4 хувь гэхээр олон улсын түвшинтай харьцуулахад манайх бараг 20 дахин бага байх нь ээ?

-Бүс нутгийн хэмжээтэй харьцуулбал 20 дахин, өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулбал 30 дахин бага.

-Манай улсын хувьд хог хаягдлыг боловсруулах гэхээсээ илүүтэйгээр ландфилл буюу булахыг илүүд үздэг?

-Монголд үнэхээр тууштай байгаа нь гэхэд хилсдэхгүй. Улсын төсвөөс байнга мөнгө тавьж байгаа нь ландфилл буюу булах. Манайхан ландфилл гэж их гоё яриад байдаг. Гэтэл ландфилл гэдгийг тодруулбал, булах цэг нь хог хаях тусгай зориулалтын тусгаарлах плёнкаар хязгаарласан, цэвэр болон ундны уснаас хол, газрын гүний усанд нөлөөлөхгүй, жалга гуугүй газар байх ёстой.

Манайх эсрэгээр нь гуу жалга ашиглаад хогоо булдаг. Ийм газарт үер бууж л таарна. Тэгэхээр ямар нэг байдлаар урсаад бохирдол үүсгэсээр байна гэсэн үг биз. Өөрөөр хэлбэл, ландфилл бол манайд дэлхийн стандартын эсрэг 180 градус байдаг гэсэн үг.

-Тэгэхээр дэлхийн стандартад нийцсэн технологитой боловсруулах үйлдвэр нь байдаггүй юмаа гэхэд булах технологио стандартаар хийхэд юу нь болохгүй байгаа хэрэг вэ?

-Монгол Улсын хувьд хангалттай хууль дүрэм бий. Гэтэл үүнийгээ биелүүлье гэхээр нэгдүгээрт төсөв, мөнгө байхгүй. Хоёрдугаарт идэвх чармайлт байхгүй. Гуравдугаарт, хариуцах эзэн алга. Яг үнэнийг хэлэхэд “даахгүй нохой булуу хураана” гэгчээр төр толгой дээрээ бүхнийг овоолоод байлгүй хог хаягдлыг мэргэжлийн холбоонд нь өгөх хэрэгтэй.

Гэтэл холбоо баяжих гээд байна гэсэн өнцгөөс л  хардаг. Бусад бүх оронд мэргэжлийн холбоо нь хариуцаж ажилладаг гэдгийг уг нь тун сайн л мэдэж байгаа. Манайхны дууриах дуртай Японд гэхэд мэргэжлийн холбоо нь хог хаягдлаа цуглуулж, тээвэрлээд боловсруулахыг нь боловсруулах үйлдвэр рүү, шатаахыг нь шатаах үйлдвэр рүү хуваарилж, үнсээр нь барилгын материал хийж байна.

-Уг нь, энэ тухай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан яриад л байгаа биз дээ. Гэхдээ бидний хувьд хог хаягдал гэхээр боловсруулахаас илүү тээвэрлэх тухай л яриад, ойлгоод байдаг?

-Тийм ээ, манайд А цэгээс Б цэг рүү хогийг зөөгөөд булах газарт нь хүргэхэд хог хаягдлын санд цугласан бүх мөнгийг зарцуулдаг ч хүрдэггүй. Тиймээс жилд 6-7 тэрбум төгрөг төсвөөс  нэмж тусгадаг. Харамсалтай нь, ингэж зарцуулаад ч энд тэндгүй хог байсан хэвээр байгаа биз. Өнөөдөр нэг тонн хог 10 км тээвэрлэхэд 30 мянган төгрөг гэсэн тариф үйлчилж байна. Энийг нэмье гэхээр хог хаягдлын санд байгаа мөнгө нь хүрэлцэхгүй гэдэг. НИТХ-ын тогтоолоор 2007 онд баталсан тарифаар нэг өрхөөс сард 2000 төгрөгийн хураамж авдаг. Гэр хорооллын айл өрх 2500 төгрөг төлдөг. Тэр үед дизель түлш литр нь 1470 төгрөг байсан. Өнөөдөр 3400 байна. Ийм нөхцөлд хувийнх ч бай, хувьсгалынх нь ч яаж ашигтай ажиллах билээ.

Үүнийг өөрчлөхийн тулд хог хаягдлын менежментийг бусад оронд байдаг шиг утгаар нь хийх ёстой. Хог хаягдлын хураамжийн мөнгөө индексжүүл. Хог тээвэрлэлтийн компанийн тарифыг шинэчил.  Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгж байгууллагын хогны хураамжийг нэмэх хэрэгтэй.

Утасны төлбөр, цахилгааны төлбөр гээд бусад төлбөр хураамжтай харьцуулбал үнэхээр бага мөнгө. Гэхдээ иргэдийн амьжиргаа ядруу хэвээр байгаа энэ үед нэм гэхээр…?

-Би энэ оны эхээр Европоор явсан. Тэнд 4 ам бүлтэй айл хогны төлбөрт 50 евро өгдөг.  Төгрөгөөр тооцвол нэг хүнээс 50 мянган төгрөг авдаг гэсэн үг. Гэтэл манайд  нэг өрхөөс 2000 төгрөг. Ийм байж хоггүй монгол, аз жаргалтай Улаанбаатар болно яриад яах билээ.

Хуульд бохирдуулагч нь бохирдлын төлбөрөө төлөх үүрэгтэй. Тэгэхээр НИТХ хуулиа мөрдөөд л хураамжийг тодорхой болгоод явах ёстой. Гэтэл энэ хураамжийг нэмчихвэл манай намын сонгуулийн дүнд нөлөөлнө гэх байдлаар асуудалд ханддаг. Үүнээс болж бүх салбарын үйл ажиллагаа доголдож байна шүү дээ.

-Хог хаягдлын хураамжийн тодорхой хувь нь үйлчилгээний төлбөрт явчихдаг гэж сонссон?

-Хог хаягдлын хураамжийг УБЦТС компани цахилгааны төлбөртэй хамт хураадаг. Гэхдээ үйлчилгээний хураамжинд 23 хувийг нь авчихдаг. Тэгэхээр үлдсэн жаахан мөнгө нь бүүр хүрдэггүй.

-Хог хаягдал гэдэг нэг талаар мөнгө. Хэрвээ монголчууд хогоо ангилж ялгадаг бол багагүй хувийг дахин боловсруулах боломжтой биз дээ?

-Иргэдийн хувьд бага ч атугай ангилж, ялгадаг болсон. Гэвч хогны машин холиод аччихдаг. Яагаад гэвэл, ангилсан хогийг авдаг үйлчилгээ Монголд алга. Үүнийг нь бид шаардах хэрэгтэй. Улаанбаатар хот өнөөдөр 40 гаруй стандарттай болсон. Үүн дотор нь хог хаягдлын 7 стандарт бий. Энгийн болон аюултай хог хаягдал болон А цэгээс Б цэг хүртэл хог хаягдлыг буулгах хүртэлх стандарт бий.

Бид А цэгээс үйлдвэрт хүргэх буюу хогоо мөнгө болгох стандартыг хийсэн. НИТХ-аар батлуулахаар холбогдох хэлтэст нь өгсөн. Хэрвээ стандарт батлагдчихвал хотын дарга Сумъяабазарт “Стандартын шаардлага  хангасан дахивар нөөцийн цэгийг 9 дүүрэгт байгуулахыг Засаг дарга нарт даалгаад өгөөч. Хороо бүрт ийм цэг байгуулахыг захирамжлаад өгвөл иргэд ангилсан хогоо өгнө. Энэ цэгт үйлчилж байгаа хог ачдаг машинаа дугаарын хязгаарлалтгүй явуулдаг болгооч” гэсэн хүсэлт тавина. Сумъяабазар дарга өөрөө “Үнэгүй юм хог болдог” гэж маш зөв хэлж тодорхойлж байна билээ. Үнэхээр тийм. Үнэлээд авдаг болбол хогоо хаяхгүй. Гол нь хороо бүрт байх нь чухал.

-Бид хогны төлбөрийн тухай хөндлөө. Гэхдээ хог хаягдлаас өдөрт хэдэн төгрөг олж бас хэдийг зарцуулж байна вэ?

-Улаанбаатар хотод хог хаягдлаас өдөрт 190 сая төгрөгийн эдийн засгийн эргэлт гаргаж байна. Энэ бол сайн тоо. Төсвөөс нэг ч төгрөг авдаггүй. Гэтэл хотод хог тээврийн 20 орчим компани бий.  Тэд А цэгээс тээвэрлээд Б цэгт буулгахад хог хаягдлын сангаас өдөрт 55 сая төгрөг авдаг. Тиймээс бидний санаа бол энэ 55 сая төгрөгийг хоёр дахин бууруулж, 190 сая төгрөгөө хоёр дахин өсгөх юм. Дахин боловсруулдаг 3 хувиа 7 болгоход л 190 чинь хоёр дахин өснө биз дээ.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай уулзсан. Уулзалтын үеэр “Аюултай хог хаягдлын журмаар хуруу зай, товчин зайг зөвхөн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид хүлээлгэж өгнө. Өөр хүн авч болохгүй гээд заачихсан байдаг. Гэвч энэ нь амьдралд огт хэрэгждэггүй. Ганц товчин зай бариад тэр компанийг хайгаад явдаг хүн байх уу” гэдгийг сайдад тайлбарласан. Тиймээс давхивар нөөцийн цэгээр авья. Аюултай хог хаягдал учраас авчирч өгсөн хүндээ урамшуулал өгье. Устгах үйлдвэр кг-ийг нь 2500-гаар устгадаг. Гэхдээ энэ мөнгийг хуруу зай, зай оруулж ирдэг импортлогч компаниудаас нь хог хаягдлын мөнгө гэдэг утгаар авч, тусгай санд төвлөрүүлнэ. Тухайлбал, Канадад үйлдвэрлэгчийн өргөтгөсөн хариуцлагын сүлжээ гэж бий. Бараа бүтээгдэхүүний устгалын мөнгийг тонн тутамд нь гээд тооцоод явдаг. Үйлдвэрлэгч бүтээгдэхүүнийхээ устгал, хог хаягдлын мөнгийг тусгай санд төвлөрүүлээд боловсруулах үйлдвэрүүд рүү шилжүүлдэг гэсэн үг.

-Түрүүн боловсруулалтын хувьд 20-30 дахин бага гэсэн. Тэгэхээр боловсруулах үйлдвэрлэлийн хувьд ч тийм хэмжээнд хоцорч байгаа гэсэн үг үү?

-Саяхан Канадын боловсруулах үйлдвэрийнхэнтэй уулзахад та нар манайхаас 60 жилээр хоцорч явна л гэсэн. Солонгос 50, Япончууд 70 жил гэж хэлдэг л дээ. Тэгэхээр 70 жилээр хоцорч яваа улстайгаа адилхан шаардлага тавина гэдэг чинь дээл нь таарахгүй хүн шиг болно биз дээ. Хамгийн гол нь мэргэжлийн холбоодынхоо үгийг сонсдог газар алга. Мэргэжлийн холбоодын хууль гэж яриад л таг болчихсон. Мөн эко төлбөрийн тухай хууль байна. Яг энэ бүх харилцаа, хог хаягдлыг боловсруулахыг дэмжих санг байгуулах мөнгөө энэ хуулиар олох ёстой. Ийм юмаа хийхгүй өнөөдрийг хүрлээ дээ.

-Саяхан Усны газрын дарга хаягдал усны төлбөрөө аж  ахуйн нэгжүүд огт төлдөггүй юм байна. Одоо хуулийн дагуу арга хэмжээ авна гэж бичсэн байсан.

-Хог хаягдлын тухай хууль дээр 2017 онд аюултай хог хаягдал гээд бүлэг нэмсэн. Гэвч өнөөдөр энэ хуульд мониторинг хийгээд харвал ахиад нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай болжээ.

Өнөөдөр Монгол Улсын засаглалын хугацаа маш богинохон байна. Дээд тал нь 4 жил. Өмнөх хүн нь ажлаа өгөхдөө юу ч үлдээдэггүй. Дараагийн хүнээ сургах гэсээр байтал хамаг цаг заваа бардаг. Гэтэл манай холбоо 18 жил болоод бойжчихсон. Манай холбоонд  дотоодын болон гадаадын, хамтарсан гээд 180 гаруй байгууллага нэгдсэн байдаг.

Мөн энгийн, аюултай, хөнгөн, хүнд гээд 70 гаруй үйлдвэр ажиллаж байна. Энэ үйлдвэрүүдэд өнөөдөр 6000 гаруй хүн ажиллаж байна. Манай холбоо энэ зургадугаар сард хаягдал хуванцар авах охин компани байгуулаад ажиллаж байна.  Мөн картон хайрцаг авах, шахах машин оруулж ирээд ажиллаж байна. Бид өөрсдийнхөө боломжоор ажиллаж байна.

-Та түрүүнд аюултай хог хаягдал боловсруулах үйлдвэрийн тухай хөндлөө. Манай улсын хувьд уул уурхайн орон болоод нэлээн хэдэн жилийг үзлээ. Үүнийг дагаад аюултай хог хаягдал тэр тусмаа химийн хорт бодисын хог хаягдал ихээр гарч байгаа. Гэвч үүнийг устгах технологи хангалттай хөгжөөгүй байна?

-Аливаа юм хоёр талтай. Уул уурхайн салбар эдийн засгийн хувьд онцгой ач холбогдолтой ч аюултай хог хаягдлыг маш ихээр гаргаж байна. Хил гаалийн мэдээг харвал химийн болон бусад аюултай бодис маш ихээр орж байгаа ч тусгай зөвшөөрөлтэй компанид тушаасан хог нь маш бага. Энэ хог хаачив гэхээр газарт булчихдаг. Уг нь хог хаягдлын хуулинд дурын иргэн прокурор болоод зөрчлийг албажуулбал нөхөн төлбөрийн 10 хувийг өгнө гэж байдаг ч энэ бодит болж хэрэгжих боломжгүй, лоозонгийн чанартай л байна. Үүний тулд эхлээд зөрчлийн хуулиар шүүхэд өгнө, шүүх прокурорт гээд шилжүүлсээр байтал шийдэгдсэн зүйлгүй хоцордог.

Өнөөдөр аюултай хог хаягдлын 17 үйлдвэр ажиллаж байна. Үйлдвэрүүд маань Монгол Улсын хилээр орж ирж байгаа аюултай хог хаягдлаа тооцоод анх ажлаа эхлүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл төлөвлөснөөр нь ирсэн хог алга. Жишээ нь, барааны зах дээр зарагдаж байдаг хуванцар цэнхэр савууд.  Манайхан тусгай зөвшөөрөлтэй компанид өгч устгуулах ёстой химийн бодисын саванд хүнсний бүтээгдэхүүн хийчихдэг.  Үүнд иргэд өөрсдөө юун түрүүнд буруутай. Мөн бидний итгэлийг хүлээж сонгогдсон хүмүүс буруутай. Хуулийн дагуу ажиллавал энэ асуудлыг цэгцэлж болно доо уг нь.

-Манай улстай адил түвшинд уул уурхай хөгжиж байгаа ч хог хаягдлын асуудлаа олон улсын түвшинд шийдэж чадсан жишээ байдаг уу?

-Хамгийн сайн жишээ бол Омманы хаант улс гэдэг. Манайтай ойролцоо 4 сая хүнтэй, уул уурхайн орон. Уул уурхайтай орон хог хаягдлынхаа асуудлыг хэрхэн шийдэв, хүлэмжийн хийн ялгарал дээр хэрхэн анхаарах ёстой вэ гэдгийн бодит жишээ гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг. Анх 180 төвлөрсөн хогийн цэгтэй байсаа 36 болгож цөөлсөн. Тав дахин багасгаж чадсан.

Гэтэл манайх 300 гаруй цэгтэй. Зөвхөн зөвшөөрөлтэй хогийн цэгээс гадна үүсмэл цэгийнхээ хэмжээг тооцож үзвэл Сингапур улсын нутаг дэвсгэрийн дайтай талбай эзэлдэг. Сингапурт нэг га газрын татвар хураамж гэтэл ямар өндөр билээ.

-Хог хаягдал гэхээр Улаанбаатар хотын хот тохижилтын компаниуд хариуцдаг гэж ойлгодог?

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтэс гэж бий. Нийслэлийн 9 дүүргийн газар нутгаа хариуцна.

-Хог хаягдал боловсруулах үйлдвэрүүд маань өнөөдөр техник, технологийн хувьд  хэр байдаг юм бэ?

-Үйлдвэрүүд дотор 2018 онд гарсан шинэ технологитой нь бий. Гэхдээ нэг хоёроос хэтрэхгүй. Ихэнх үйлдвэр маань Хятадын 10 жил болоод хаясан технологи, тоног төхөөрөмжтэй байгаа нь үнэн. Тиймээс бид Засгийн газарт зөвлөмж хүргүүлэхээр ажиллаж байна. Хүнсний гаралтай бүх тоног төхөөрөмжийг хил гаалийн татвараас чөлөөлсөн шиг хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн тоног татвараас чөлөөлж өгөөч гэж. Мэдээж хөрөнгө оруулалтын хэрээр хүчин чадал нь сайжирна шүү дээ.

-Хог хаягдлын менежмэнт гэдэг нэр томъёог хамгийн их хэрэглэдэг мөртлөө яг юу вэ гэдэг тухайд тийм ч их ойлголт байдаггүй?

-Хог хаягдлын боловсрол л гэсэн үг. Хүн бүрийн хувийн онцлогоос шалтгаална. Хүн хогоо ялгах уу, ангилах уу гэдгээс эхэлнэ. Ийм л юм байгаа юм.

-Бас нэг зүйл бол хог хаягдлын тайлан гэж жил бүр гардаг ч танайх, нийслэлийнх, яамных гээд өөр өөр тоо хэлдэг?

-Хамгийн бодитой тоог манай дээр гарч байгаа. Хог хаягдлын менежмэнт гэснээс хамгийн түрүүнд хогныхоо хэмжээг зөв тодорхойлох ёстой. Орон нутаг пүүгүй байж, хог хаягдлынхаа хэмжээг хэрхэн гаргадаг вэ гэдэг нь тодорхой шүү дээ.

-Хог хаягдал бол уур амьсгалын өөрчлөлттэй шууд холбоотой. Манайх Парисын хэлэлцээрт нэгдэж,  нүүрсхүчлийн хий, хүлэмжийн хийгээ багасгах үүрэг хүлээсэн. Гэвч энэ бол манай улсын хувьд огт биелүүлдэггүй үүрэг гэж болох байх?

-Яг үнэндээ үүнийг ойлгодог мэддэг хүн маш цөөхөн. 2015 онд уур амьсгалын өөрчлөлтийн сан буюу Парисын гэрээнд дэлхийн 150 орон нэгдсэн. Монгол Улс 2016 онд нэгдсэн юм. Одоо дэлхийн 190 орон энэ гэрээнд нэгдсэн байдаг. Монгол Улсын 1.5 сая хавтгай дөрвөлжин км газраас гаргаж байгаа нүүрсхүчлийн хий, хүлэмжийн хийн ялгарал 50 сая тонн. Эндээс хог хаягдлаас шалтгаалж байгаа нь 2,4 сая тонн. Бид 2030 он гэхэд 2 дахин бууруулна гэж үүрэг хүлээсэн. Гэтэл өнөөдөр 2.4 сая тонн маань 3.5 сая тонн болсон. Буураагүй өссөн. Гэтэл үүнд хэн ч хариуцлага хүлээгээгүй. Хүлээсэн үүргээ биелүүлж, хүлэмжийн хийгээ бууруулахын тулд өнөөх хог хаягдлын менежмэнтээ олон улсын стандартад хүргэх хэрэгтэй.

Үйл ажиллагааны зорилт

1
Олон улсын жишигт нийцсэн хог хаягдлын менежментийг сайжруулан жишиг компани болох

 

2
Хог хаягдлаас байгаль орчинд хаягдах хаягдлыг багасгах, дахивар бүтээгдэхүүний ангилан ялгалтыг нэмэгдүүлэх

 

3
Оюу толгой ХХК-аас гадна өөр бусад орон нутгийн харьяалалтай уурхайн хог хаягдлын менежментийг сайжруулах, хамран ажиллах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх

 

4
Аюултай хог хаягдлыг аюул осолгүй, байгаль орчинд ээлтэй техник, технологи ашиглан хүлээн авах, хадгалах, цуглуулах, тээвэрлэх ажиллагааг эрхлэх

 

5
Улс орондоо дэвшилтэт технологийг нэвтрүүлэх