WasteManagement-д тавтай морил Холбоо барих Гишүүнчлэл

Хаягдал хуванцар сав кг-ыг нь 600 төгрөгөөр авч байна

“MCS coca cola” компанийн санаачилгаар ТМЛ группийнхэн ус, ундааны хуванцар савыг дахин боловсруулах үйлдвэрийг 2021 онд ашиглалтад орсан. Уг үйлдвэр жилд 20 000 тонн хуванцар хаягдлыг боловсруулах хүчин чадалтай. Одоогоор ус, ундааны савыг дахин боловсруулж хуванцар утас болон бусад түүхий эд үйлдэврлэж байна. Ирэх жилээс “MCS coca cola” компанийн ус, ундааны савны түүхий эдийг үйлдвэрлэж эхлэх аж.
ТМЛ группийнхэн өнгөрсөн хоёрдугаар сард хаягдал цуглуулах компани байгуулан, үйлдвэрийн түүхий эдээ татан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж буй. Ингэснээр нийслэлд гурва, Дархан-Уул аймагт нэг цэг нээжээ. Дээрх цэгүүдэд ус, ундааны савыг кг-ыг нь 600 төгрөгөөр авч байгаа юм.

ТМЛ группийнхэн 4000 орчим байгууллага, аж ахуйн нэгжид хамтран ажиллах санал тавьжээ. Одоогоор 1400 орчим байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Ингэснээр хуванцар сав цуглуулах зориулалтын уут дүүрсэн тохолдолд дуудлагын дагуу очиж, кг-ыг нь 250 төгрөгөөр авдаг. Мөн айлын хашаанаас ч очиж авах боломжтой юм байна. Тодруулбайл, СӨХ, эмнэлэг, сургууль, ус, ундаа үйлдвэрлэгчид, үйлчилгээний газар, зочид буудал зэрэг байгууллага тэдэнтэй хамтарчээ. ТМЛ группийн цуглуулалт хариуцсан менежер О.Өнөржаргал энэ талаар “Манай улсын иргэд жилд 18 000 тонн хуванцар савлагаатай бүтээгдэхүүн хэрэглэдэг гэх судалгаа бий. Бид үүний 50 хувийг нь ч цуглуулж авч чадахгүй байгаа. Гэхдээ сүүлийн жилүүдэд манай харилцагчдын тоо тасралтгүй дэмэгдсэн. Цаашид ч бүх аймгийг хамруулах төлөвлөгөө бий. Ус, ундаа үйлдвэрлэгч болон бусад байгууллага, хувь хүн нийгмийн хариуцлагын хүрээнд бидэнтэй хамтран ажиллах санаачлага гаргавал олон талын үр дүн гарах юм” хэмээн ярилаа.

Эх сурвалж: ӨНӨӨДӨР.МН

Аялалын үеэр гаргасан хог хаягдлаа ангилах алхмууд

Аялж байх явцдаа хог хаягдал үүсэхээс сэргийлж чадахгүй нөхцөлд гаргасан хог хаягдлаа ангилж орон нутгийн дахивар нөөцийн цэгүүд дээр тушаагаарай.

 

ХУВАНЦАР:
Хуванцар: Бүх төрлийн ундааны сав, нэг удаагийн зөөлөн хуванцар халбага сэрээ, саван шампуний сав, сүү тараг, талх, нарийн боовны зөөлөн гялгар уут, хүнсний скоч, /PET, HDPE, PVC, LDPE, PS, PP/, Styrofoam хөөсөнцөр, хатуу хуванцар савлагаанууд, уян савлагаанууд.

Анхаарах зүйлс:
• Уут, савлагааны овор хэмжээг багасгах
• Цэвэрхэн байх.

ЦААС:
Бичгийн, дэвтрийн, сонингийн болон бусад төрлийн хаягдал цаас, бор
цаас, картон, өндөгний сав.

Анхаарах зүйлс:
• Шохойгүй байх
• Үдээсгүй байх
• Наалтгүй байх (скочгүй)

ШИЛ/ ЛААЗ:
Хөнгөн цагаан ундаа, пивоны лааз, бүх төрлийн цонхны шил, толь, хүнсний бүтээгдэхүүн, архи пиво, ундааны шил

Анхаарах зүйлс:
• Цэвэрхэн байх
• Лаазны овор хэмжээг багасгах

ДАХИН БОЛОВСРУУЛАГДАХ БОЛОМЖГҮЙ ХОГ ХАЯГДАЛ

ЦААС: Шохойтой буюу гялгар бүрэлттэй, тос болж бохирдсон цаас.
ХУВАНЦАР: Манай улсад дахин боловсруулах боломжгүй хуванцар савлагаанууд: зиплок уут, чихэр, чипсний уут гэх мэт. Гэсэн хэдий ч хуванцар нь байгаль орчинд ил задгай хаягдвал хэзээ ч шингэдэггүй учир заавал хогийн цэгт хүрч, салхиар бохирдохгүй нөхцөлд хаягдах ёстойг санаарай.
ШИЛ: Автомашины хагарсан шил

Хүмүүс хог хаягдлаа бууруулахын оронд ангилах, дахин боловсруулахыг илүүд үздэг

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бид хог хаягдлын зохицуулалт болон тойрог эдийн засгийг дахин болосвсруулалтгүйгээр харж чадахаа байжээ. Хэдийгээр онолын хувьд дахин ашиглах нь дахин боловсруулахаас илүү хувилбар боловч дахин боловсруулалт бидний сэтгэлгээнд маш том байр суурийг эзэлснээр дахин ашиглах хэрэгтэйг мэдсээр байж бүгдийг дахин боловсруулснаар хог хаягдлын асуудлыг шийднэ хэмээн итгэх болжээ.
Харамсалтай нь дахин боловсруулалтыг хэт эерэгээр хүлээн авах нь урьдчилан сэргийлэх арга замд тушаа болдог. Судалгаанаас харахад дахин боловсруулалттай холбоотой эерэг сэтгэгдэл нь хэрэглээгээ багасгах, хог хаягдал үүсгэхгүй байх хандлагаас илүү хүчтэй давж байгааг харуулжээ. Дахин боловсруулах боломжтой гэж бодож эсвэл боломжтойг нь мэдэж байгаа нөөц материалаар хийгдсэн бүтээгдэхүүнийг хүмүүс их хэмжээгээр хэрэглэдэг болох нь тогтоогджээ. Иймээс дахин боловсруулалтыг хог хаягдлын менежментийн гол шийдэл мэтээр харуулах нь хүмүүс хог хаягдал анхнаас нь үүсгэхгүй байх, хэрэглээгээ хянах, зуршлаа өөрчлөх гэх мэт шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх сэдлийг бууруулдаг байна.
Амьдралдаа томоохон өөрчлөлтүүдийг хийхэд хэцүү байдаг тул бид хамгийн хялбар сонголтыг илүүд үздэгтэй ч холбоотой байж мэдэх юм. Хүмүүс хэрэглээгээ өөрчлөхөөс гарч буй хог хаягдлаа ангилах нь илүү хялбар, тиймээс л бид хог хаягдлаа бууруулахын оронд ангилах, дахин боловсруулахыг илүүд үздэг байна.
Ингэж явсаар бид ахиад байгалийн нөөцийг олборлохгүйгээр төгсгөлгүй дахин боловсруулах биелшгүй мөрөөдөлдөө бүрэн итгэх болжээ. Гэвч бид одоогийн хэрэглээгээ бууруулахгүй бол энэ нь бүтэшгүй юм. Дахин боловсруулалт бага багаар сайжирч байгаа ч байгалийн нөөцийн олборлолт хурдацтайгаар өсч, хуванцрын үйлдвэрлэл урьд байгаагүйгээр нэмэгдсээр байна. 2005-2015 онд дэлхий дахины хуванцрын жилийн үйлдвэрлэл 45%-иар өссөн байна гэсэн судалгаа бий. Тиймээс хэрэглээгээ бууруулахгүйгээр энэ хурдыг бид яаж ч хичээгээд гүйцэж дахин боловсруулж дийлэхгүй юм.
Хэрэв дахин боловсруулалтыг хуванцрын гарцыг эрс багасгахгүй бол дахин боловсруулалт нь хог хаягдлын менежментийн өчүүхэн бас тогтворгүй шийдэл хэвээр байх болно. Бүр цаашилбал бодлогогүйгээр зогсолтгүй үйлдвэрлэж, хэрэглэсээр байх эндүү шалтгаан болсоор байна.

ХОГГҮЙ АЯЛЛЫГ ТѲЛѲВЛѲХ, БЭЛТГЭХ НЬ

Доорх нэг удаагийн хэрэгслүүдийг хэрэглээд хаяхаас татгалзаж олон удаа хэрэглэх бүтээгдэхүүн, хэрэглэлүүдийг сонгон авч яваарай. Мөн худалдан авалтаа хийхдээ аль болох савлагааг салган дахиврын цэгүүдэд тушааж болохуйцаар зохицуулалт хийгээрэй. Жишээ нь будаа, ногоо гэх мэт кг-ийн бараа бүтээгдэхүүнийг байнга хэрэглэх жижиг даавуун уутнуудад юүлээд савлагааг нь дахиварт тушааж болно. Энэ нь мөн зай талбай хэмнэх давуу талтай.

 

ХАЛБАГА, СЭРЭЭ, ХУТГА, СОРУУЛ:
Аялалд зайлшгүй авч явах хэрэгсэл бѳгѳѳд нэг удаагийн халбага сэрээнээс татгалзаж
орлуулахад их хэмжээний хог үүсэхээс сэргийлнэ. Нэг удаагийн соруулыг орлуулж болох тѳмѳр, хулсан, силиконон гээд маш олон сонголт бий.

ХАЛУУНАА БАРЬДАГ АЯГА:
Бидний ѳдѳр тутмын эрч хүч энерги авдаг зүйл маань яах аргагүй халуун кофе байдаг ч үүнийгээ дагаад нэг удаагийн хэрэглээ ѳдѳр ѳдрѳѳр ихсэж буй. Хэрэв бид ѳѳрийн аягаа авч явж хэвшвэл жилд 500 ширхэг нэг удаагийн аяганаас татгалзах боломжтой.

УСНЫ САВ:
Маш их хэмжээний хог хаягдал үүсэхээс сэргийлж болох хамгийн энгийн арга бол усны саваа өөртөө авч явах. Та усны савтай явсанаар дэлхий дээр өдөрт зарагддаг 1,5 тэрбум хуванцар савыг багасгахад хувь нэмрээ оруулж байна гэсэн үг юм. Нэг сав ус худалдан авахад та дан ганц хуванцарын хог үүсгэж байгаа биш түүнийг үйлдвэрлэхэд болон тээвэрлэхэд ашиглагдсан нүүрсхүчлийн хийг өөрийн экологийн ул мөр дээрээ нэмж байна гэсэн үг. Бид маш их хэмжээний нэг удаагийн хэрэгсэл ашигладаг боловч 10 хүрэхгүй хувь нь дахин боловсруулагддаг байна. Дахин боловсруулагдаагүй хуванцар нь хогийн цэг, хог шатаах зуух бүр цаашлаад далайд тэнгист хуримтлагддаг.

УС ЦЭВЭРШҮҮЛЭГЧ:
Ус цэвэршүүлэгч авч явах нь савлагаатай уснаас татгалзах хамгийн сайн арга болдог.

ХУЛСАН ШҮДНИЙ СОЙЗ:
Сойз нь олон төрлийн хуванцраас бүтдэг дахин боловсруулагдахад төвөгтэй бүтээгдэхүүн бөгөөд хуванцарыг орлох байгальд ээлтэй хулсан сойз элбэг болсон байна.

ҮСНИЙ ХАТУУ ШАМПУНЬ, АНГИЖРУУЛАГЧ:
Хуванцар савтай шампуниас татгалзсанаар их хэмжээний хаягдал үүсэхээс сэргийлж чадна. Нэг хатуу шампунь нь 80 хүртэл угаалтад хүрэх буюу 2-3 сав шингэн шампуньтай тэнцэнэ.

ДААВУУН ТОР, УУТНУУД:
Дахин ашиглагдах даавуун тор, уутнуудыг ашиглан гялгар уутнаас татгалзсанаар та эх дэлхийнхээ тогтвортой байдлыг хадгалахад маш том хувь нэмэр оруулж байгаа юм. Та хэд хэдэн даавуун торыг авч явбал олон зориулалтаар ашиглаж болно.

ДАХИН АШИГЛАДАГ ХООЛНЫ САВ:
Хоолны сав авч явах нь зай эзэлсэн, овортой эсвэл шаардлагагүй санагдаж болох ч илүүдэл хоолны хаягдал мөн байгальд хамгийн их хаягддаг хуванцар хаягдлыг үүсэхээс сэргийлж, багасгаж чадна.

ХОГ ХАЯГДАЛГҮЙ АЯГА ТАВАГ УГААГЧ:
Энэхүү аяга угаагч нь хуванцарын бохирдол үүсгэхгүйгээс гадна бусад энгийн угаагчид агуулагддаг хортой химийн бодисууд агуулдаггүйгээрээ онцлог.

ЭКО УГААЛГЫН НУНТАГ:
Эдгээр нь байгаль орчин, эрүүл мэндийг хордуулах хүчтэй химийн бодисууд агуулдаггүйгээрээ онцлогтой.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АРИУН ЦЭВРИЙН ХЭРЭГСЭЛ:
Нэг удаагийн ариун цэврийн хэрэгслийн оронд сарын тэмдгийн аяга, угаадаг даавуун хэрэгсэл хэрэглэх нь аялалын туршид үүсэх хогноос сэргийлэхээс гадна таныг тав тухтай байлгаж чадна. Мөн эдийн засагт ч хэмнэлттэй.

ЭКО ХҮҮХДИЙН ЖИВХ:
Бага насны хүүхэдтэйгээ аялахад хамгийн ихээр үүсдэг хог хаягдлын нэг нь яах аргагүй хүүхдийн живх юм. Хуванцрын орцтой хүүхдийн живх хөрсөнд задрах хүртлээ аюултай бичил хуванцар болдог учир хэрхэвч хөдөө
хээр хаяж болохгүй. Үүний оронд байгальд ээлтэй угаадаг даавуун живх, эсвэл 100% цэвэр хөвөн даавууны орцтой живх хэрэглэж хэвших, хэрэв нэг удаагийн живх хэрэглэсэн бол төвлөрсөн цэгт хаях шаардлагатай.

САЛФЕТКА, 00 ЦААС:
Дийлэнх нойтон Салфетик нь хуванцар бүтээгдэхүүн байдаг бөгөөд байгальд шингэхгүй. Иймээс нойтон салфеткаас аль болох татгалзаж даавуун алчуурыг норгож битүү саванд хийгээд ашиглаж хэвших нь хамгийн зөв юм. Хөдөөгийн үзэсгэлэнгэ хамгийн ихээр гутаадаг, бохирдуулдаг хогны төрөл бол 00 цаас. Тиймээс 00 цаас хэрэглэх бол байгальд ил задгай хаяхгүй байх, мөн анхнаасаа худалдан авалт хийхдээ хөрс усанд түргэн задардаг орцтойг худалдан авах 00 цаас авах сонголтууд хийгээрэй.

ХУРУУ ЗАЙ ЦЭНЭГЛЭГЧ:
Зай нь кадми, хар тугалга, мөнгөн ус, лити зэрэг хортой хүнд металлууд агуулдаг. Нэг ширхэг хуруу зай 4 м.кв талбайг бохирдуулж, 800 мянган литр усыг бохирдуулах сөрөг нөлөөтэй учир ил задгай хаяж болохгүй аюултай хог хаягдлын төрөл болно.

ХОГНЫ УУТ:
Машинд зай эзлэхгүй запас дугуйны гадуур унжуулдаг бөх хогны уут авч ангилсан дахивар болон бусад хогоо ачиж яваад, хамгийн ойрын цэг дээр хаях эсвэл тушаах.

БОРДОО БОЛДОГ АШИГТАЙ БИЧИЛ БИЕТНЭЭР ИДЭВХЖҮҮЛСЭН БИО БЭЛДМЭЛ:
Тус бодисыг хөдөө хээр явж байх үед гарсан бүх төрлийн хүнсний хог хаягдал болон 00-ын бохирдлыг хөрсөнд шим тэжээлтэй бордоо болгох зорилгоор хэрэглэнэ.

 

ХОГГҮЙ АЯЛАХ 10 ШАЛТГААН

Байгальд санаатай болон санамсаргүй ил задгай хаягдсан хог хаягдлыг түүх, төвлөрүүлэх, тээвэрлэх нь өнөөдрийн хогны менежментэд тулгараад буй хамгийн бэрхшээлтэй асуудлуудын нэг болоод байна. Орон нутагт хаягдсан хог хаягдлын 1 хүрэхгүй хувь дахин боловсруулагдаж, 99% нь тухайн газрын хөрсөнд булагдаж байна. Хээр хөдөө хаягдсан хогийг цуглуулах ачилт, тээвэр, хөдөлмөрийн хүч, ложистик шийдвэрлэх боломжгүй учраас хог хаягдлыг үүсгэхгүй байхаас эхлэн, бууруулах, нэгэнт гаргасан бол ангилж ялган эцсийн хаягдлыг хамгийн бага байлгах нь аялагч бүрийн эрхэм үүрэг хариуцлага мөн болно.

 

1. ОРОН НУТАГТ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОГ ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛНЭ
Аялагчид орон нутгийн иргэдээс 2 дахин их хог хаягдал гаргадаг гэх судалгаа байдаг Тиймээс хоггүй аялах эсвэл маш бага үүсгэх нь орон нутгийн хогийн цэгийн зай талбайг хэмнэнэ.

2. АГААР, ХӨРС, УСНЫ БОХИРДЛООС СЭРГИЙЛНЭ
Зарим хог байгальд задарч шимэгдэж дуустал хөрс, ус, агаарт сөрөг нөлөөллийг байнга үзүүлдэг бөгөөд хуванцар сав баглаа боодол байгальд хэзээ ч бүр мөсөн задардаггүй. Хуванцар нь цаг хугацаа өнгөрөх тусам бичил, нано хэсгүүд болон задрах боловч байгальд огт шингэдэггүй. 20-хон минут хэрэглээд хаях хэрэггүй болсон зүйлс 200 жил ч оршин байна гэсэн үг. Та байгалийн сайханд тав тухтай аялсан бол хог үүсгэхээс татгалзаж талархсанаа илэрхийлээрэй.

3. БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛНА
Аялагчдын орхиж үлдээсэн хог хаягдал байгалийн олон
янз байдалд маш сөрөг нөлөөтэй бөгөөд зарим тохиолдолд үхлийн аюул ч дагуулдаг. Шувуудын гэдсэнд орсон метал, хуванцар бөглөөнүүд эсвэл савлагаанд гацаж биеийн гаж хөгжилтэй болсон амьтдын зурагнуудыг та харсан байх. Хэн нэгэнд гэмтэл хохирол учруулахгүйн тулд хариуцлагатай байж ил задгай хог үлдээхгүй аялаарай.

4. БАЙГАЛИЙН ХЯЗГААРЛАГДМАЛ НӨӨЦИЙГ ХЭМНЭНЭ
Байгалиас олборлож буй бүх төрлийн ашигт малтмал, газрын ба ойн баялаг, түүхий эдийг хэмнэхээс гадна ус, ургамал, амьтад, хуурай газрын ашиглалтыг бууруулдаг. Хог болох зүйлээс татгалзвал байгалийн хязгаарлагдмал нөөцийг хэмнэж биологийн олон янз байдлыг хамгаалж, ирээдүй хойчдоо хэрэглэх нөөцийг нь үлдээх хариуцлагатай үйлдэл юм.

5. ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ БУУРУУЛНА
Хог хаягдлын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг
савлагаанаас татгалзах, эсвэл ангилан тушаах нь
түүхий эд материалын олборлолт ба үүнээс үүдэх
хүлэмжийн хийн ялгаруулалтыг 37%-100% багасна.

6. ГҮНИЙ УСЫГ ХАМГААЛДАГ
Үүсэх эцсийн хог хаягдлын хэмжээ буурсанаар хөрс цаашлаад гүний усанд нэвчиж болзошгүй бохирдлоос сэргийлж чадна. Хог хаягдал устай нэгдэн задарснаар органик болон органик бус уусамтгай хорт нэгдлүүдийг үүсгэн бидний амьдралын зайлшгүй хэрэгцээт гүний усыг бохирдуулж байдаг байна. Мөн хогийн цэгээс ялгарч буй энэхүү хортой шингэн нь усны амьд организм, гол горхид нэвчвэл хүний эрүүл мэндэд шууд болон суурь өвчин үүсгэх шалтгаан болдог. Жишээ нь хэрэв тухайн ялгарсан шингэн хортой метал агуулсан бол хүний эрүүл мэндэд шууд сөргөөр нөлөөлнө.

7. ОЛОН ТӨРЛИЙН ӨВЧНӨӨС СЭРГИЙЛНЭ
Хог хаягдлаас ялгарах хортой бодисууд амьсгалын зам, зүрх судас, хоол боловсруулах эрхтэн, харшил болон архаг хууч өвчлөлүүдийг үүсгэх эрсдэлтэй байдаг. Хог хаягдал нийгмийн сэтгэл зүйд ч сөргөөр нөлөөлдөг. Аялагчдын сэтгэл зүйд хогны асуудал хамгийн хүчтэй сөрөг нөлөөг бий болгодог.

8. НҮҮДЭЛЧДИЙН УЛАМЖЛАЛТ СОЁЛОО ХАДГАЛНА
Монголын нүүдэлчин соёлд байгальдаа хог хаягдалгүй, ул мөр багатай амьдарч ирсэн
уламжлалтай. Энэ ёс заншил, ухааныг сэргээж үр хойчдоо өвлүүлэн уламжилна.

9. ӨӨРИЙН ЭКОЛОГИЙН УЛ МӨРИЙГ БУУРУУЛНА
Монгол хүний экологийн ул мөр дэлхийн дунджаас даруй 2.8 дахин их хэмжээтэй байна гэсэн тооцоо гарчээ. Иймээс өөрөөс хамаарах экологийн ул мөрөө бууруулах нь маш
чухал үр нөлөөтэй.

10. ИРЭЭДҮЙ ХОЙЧДОО БАЯЛАГ ӨВИЙГ ҮЛДЭЭНЭ
Хог үүсгэхгүй, ул мөргүй аялах нь ирээдүй хойчдоо үлдээх хамгийн том өв баялаг болно.

Дахин боловсруулалт үнэндээ хэний хийх ажил вэ, үйлдвэрлэгчид үү иргэд үү

Дахин боловсруулалт үнэндээ маш олон асуудал, давагдашгүй хязгаартай юм бол яагаад дахин боловсруулах явцыг сайжруулах тухай илүү анхаараад хэрэглээг багасгах, дахин ашиглах, засварлах тухай ярьдаггүй юм бэ? Энэ хоёр агуулгыг “тойрог эдийн засаг”-т хоёуланг нь хамааруулдаг боловч амьдрал дээр тэс өөр байсаар байна.

Юуны өмнө хог хаягдлаа нөөц болгох уу нөөцөө хог хаягдлыг багасгах уу гэдэг дээр төвлөрмөөр байна. Харамсалтай нь өчнөөн олон асуудал, сөрөг нөлөөтэй байтал байсаар байтал бид яагаад хог хаягдлаа нөөц богож дахин боловсруулахыг илүүд үздэг юм бол?
Үнэндээ 1960-аад оныг хүртэл хоёр дахь зорилт буюу аль болох нөөцөө хог хаягдал болгохгүй байх талаа чухалчилдаг байлаа. Тухайн үед хуванцар хэрэглээнд нэвтрээгүйн дээр тойрог хог хаягдлын зохицуулалт дахин ашиглагддаг, эргүүлэн татдаг сав баглаа боодолд л төвлөрдөг байв. Баглаа боодлоо эргүүлэн татах ажиллагааг тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид санхүүжүүлдэг байсан ба бохирдол үүсгэж байгаагаараа үйлдвэрлэгч төлөх ёстой гэсэн хандлага хэвийн байсан юм. Жишээ нь: ус ундааны компани бүтээгдэхүүнээ шилэн савлагаанд хийж, шилээ эргүүлэн татдаг (хэрэглэгч доторх шингэнийг нь уух гэж байгаа болохоос шилийг нь хэрэглэхгүй) байв. Энэ тогтолцоо сайн хэрэгжээд зогсохгүй үйлдвэрлэлийн хог хаягдал маш бага гаргадаг байжээ. Бид тэр үед жинхэнэ тойрог эдийн засагтай ойрхон байсан юм.
Гэвч хуванцар бидний хэрэглээнд нэвтэрснээр ихэнх компаниуд саваа эргүүлэн татахыг зогсоож нэг удаагийн савлагаа ашиглавал илүү ашиг олж болохыг харж эхлэсэн байдаг. 20 гаруйхан жилийн дотор л бараг бүх дахин ашигладаг савлагаа (мөн органик, байгальд задардаг савлагаа)-г нэг удаагийн хуванцар савлагаа орлов. Ингээд бид шулуун эдийн засгийн тогтолцоонд шилжиж асар их хэмжээний хог хаягдал үүсгэж эхэлсэн юм.
Энэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд үйлдвэрлэгчид маш их хэмжээний хөрөнгийг “тойрог эдийн засаг”-ийг шинээр тодорхойлох олон нийтийн харилцааны кампанит ажлуудыг лоббидоход зарцуулсан байдаг. Тэд дахин боловсруулалтыг танилцуулж эхэлсэн (эргүүлэн татах, дахин ашиглахын оронд) бөгөөд үүнийгээ асар ихээр үүсгэх болсон хог хаягдлаа зохицуулах хамгийн шилдэг арга хэмээв. Ингээд хог хаягдлаа зохицуулах өөрсдийн хариуцлагыг хэрэглэгчид болон орон нутгийн удирдлагуудад шилжүүлж дөнгөв.


АНУ-д явагдсан хамгийн эхний болоод алдартай лоббидох кампанит ажил нь “Америкийн үзэсгэлэнг хадгалъя” хэмээх Кока Кола компанийн зохион байгуулсан ажил бөгөөд “бид бүгдээрээ хариуцлага үүрэх ёстой” гэсэн санааг түлхэж, иргэдийг хог хаягдлаа ангилахгүй байна хэмээн буруутгасан байдаг. Эргүүлэн татах тогтолцоо тэр чигтээ нуран унаснаар хүмүүс гарч буй хог хаягдлаа замбараагүй хаяж, тэдгээр нь байгаль орчныг ихээр бохирдуулах болсон тул тэдний мессеж ч хялбархан тархав. Ингээд үйлдвэрүүд “хариуцлагагүй иргэд” рүү хуруугаа чичлэн буруутгаж өөрсдийн нэмэлт ашгийн төлөө мэдсээр байж хийсэн увайгүй сонголтынхоо хариуцлагыг хүлээлгүй, бодит үнэнийг хялбархан нууж чадсан юм.
Ингэж дэлхий даяар “тойрог эдийн засаг”-ын шинэ ойлголт (хог хаягдлаа нөөц болгох) дэлгэрч дахин боловсруулалт нь хог хаягдлын менежментийн тулгын чулуу болсноор хариуцлагагүй, хэт хэрэглээнд дардан зам тавьж өгөв. Одоо цагт үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний бодит хэрэгцээг түүний нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөтэй харьцуулан тооцохоо нэгэнт больжээ. Анхнаасаа байх ч ёсгүй бүтээгдэхүүнийг дахин боловсруулах арга зам хайх хүртлээ төөрсөн бид бүхнийг дахин боловсруулна гэж итгэсээр урвуу үр нөлөөнд нь автаж гүйцжээ.

Д.Батжаргал: Улаанбаатар хотод хог хаягдлаас өдөрт 190 сая төгрөгийн эдийн засгийн эргэлт гаргаж байна

-Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгж байгууллагын хогны хураамжийг нэмэх хэрэгтэй-

 

Монгол Улсын Хог хаягдлын тухай хуулийг УИХ-аар 2017 онд шинэчлэн баталсан. Энэ хуулиар “Хог үүсгэгч нь төлөх” зарчимд үндэслэн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн тарифыг тогтоох. Жагсаалтаар тодорхойлсон нэр төрлийн бүтээгдэхүүний хаягдал, тэдгээрийн сав баглаа боодлоос үүсэх хог хаягдлыг эргүүлэн цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах, экспортлох үүргийг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч болон импортлогч хариуцах үүрэгтэй хэмээн үүрэг хариуцлагыг тодорхойлсон байдаг. Жагсаалтад, бүх төрлийн зай хураагуур, аккумлятор, химийн хорт болон аюултай бодисын сав баглаа боодол, хуванцар сав суулга, түүхий эд, нийлэг уут гэх зэрэг бидний мэддэг олон зүйлс багтсан. Гэвч өнөөдөр энэ үүрэг хариуцлагыг биелүүлдэг нь хэд билээ. Боловсруулах үйлдвэрүүдэд үнэхээр импортлогчид болоод үйлдвэрлэгчид тушаадаг гэж үү. Бид энэ талаар тодруулж, Монголын Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны тэргүүн Д.Батжаргалтай ярилцлаа.

 

-Монгол Улс нийт хог хаягдлынхаа хэдэн хувийг дахин боловсруулж чаддаг вэ. Ер нь боловсруулах боломжтой хог хаягдлынхаа хэдэн хувийг хаядаг бол… Ийм статистик мэдээлэл байдаг уу?

-Олон улсад нийт хог хаягдлын 50-60 хувийг дахин боловсруулах боломжтой гэж үздэг. Өндөр технологитой, хөгжилтэй орнуудын хувьд энэ тоо 80-90 хувь байдаг.

Статистик мэдээгээр Монгол улсын хэмжээнд жилд 3,5 сая тонн хог гардаг. Гэтэл үүний 3-4 хувийг л дахин боловсруулдаг. Хэрвээ шатаах үйлдвэртэй бол  дахин боловсруулалтын 30 хувийг эрчим хүч үйлдвэрлэхэд зарцуулна гэсэн үг. Энэ нь хог хаягдлыг сэргээн ашиглах буюу эрчим хүч үйлдвэрлэх технологи. Манай улсын хувьд энэ технологи, үйлдвэр байхгүй. Ер нь, Монголын нөхцөлд 50-60 хувийг дахин боловсруулах боломжтой гэж хардаг.

Харин дахин ашиглах гэдэг бол зориулалтыг нь өөрчлөөд ч юм уу ашиглах процесс. Монголд түгээмэл гэж хэлж болно. Гэхдээ байгаль орчин, нийгэмдээ илүү ашиг тустай нь хог хаягдлыг дахин боловсруулах. Энэ салбар дангаараа бол хөгжихгүй. Заавал шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр байж гэмээнээ гарч байгаа хог хаягдлын хэмжээ, оврыг багасгаж байдаг юм.

-Нийт хог хаягдлын 3-4 хувь гэхээр олон улсын түвшинтай харьцуулахад манайх бараг 20 дахин бага байх нь ээ?

-Бүс нутгийн хэмжээтэй харьцуулбал 20 дахин, өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулбал 30 дахин бага.

-Манай улсын хувьд хог хаягдлыг боловсруулах гэхээсээ илүүтэйгээр ландфилл буюу булахыг илүүд үздэг?

-Монголд үнэхээр тууштай байгаа нь гэхэд хилсдэхгүй. Улсын төсвөөс байнга мөнгө тавьж байгаа нь ландфилл буюу булах. Манайхан ландфилл гэж их гоё яриад байдаг. Гэтэл ландфилл гэдгийг тодруулбал, булах цэг нь хог хаях тусгай зориулалтын тусгаарлах плёнкаар хязгаарласан, цэвэр болон ундны уснаас хол, газрын гүний усанд нөлөөлөхгүй, жалга гуугүй газар байх ёстой.

Манайх эсрэгээр нь гуу жалга ашиглаад хогоо булдаг. Ийм газарт үер бууж л таарна. Тэгэхээр ямар нэг байдлаар урсаад бохирдол үүсгэсээр байна гэсэн үг биз. Өөрөөр хэлбэл, ландфилл бол манайд дэлхийн стандартын эсрэг 180 градус байдаг гэсэн үг.

-Тэгэхээр дэлхийн стандартад нийцсэн технологитой боловсруулах үйлдвэр нь байдаггүй юмаа гэхэд булах технологио стандартаар хийхэд юу нь болохгүй байгаа хэрэг вэ?

-Монгол Улсын хувьд хангалттай хууль дүрэм бий. Гэтэл үүнийгээ биелүүлье гэхээр нэгдүгээрт төсөв, мөнгө байхгүй. Хоёрдугаарт идэвх чармайлт байхгүй. Гуравдугаарт, хариуцах эзэн алга. Яг үнэнийг хэлэхэд “даахгүй нохой булуу хураана” гэгчээр төр толгой дээрээ бүхнийг овоолоод байлгүй хог хаягдлыг мэргэжлийн холбоонд нь өгөх хэрэгтэй.

Гэтэл холбоо баяжих гээд байна гэсэн өнцгөөс л  хардаг. Бусад бүх оронд мэргэжлийн холбоо нь хариуцаж ажилладаг гэдгийг уг нь тун сайн л мэдэж байгаа. Манайхны дууриах дуртай Японд гэхэд мэргэжлийн холбоо нь хог хаягдлаа цуглуулж, тээвэрлээд боловсруулахыг нь боловсруулах үйлдвэр рүү, шатаахыг нь шатаах үйлдвэр рүү хуваарилж, үнсээр нь барилгын материал хийж байна.

-Уг нь, энэ тухай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан яриад л байгаа биз дээ. Гэхдээ бидний хувьд хог хаягдал гэхээр боловсруулахаас илүү тээвэрлэх тухай л яриад, ойлгоод байдаг?

-Тийм ээ, манайд А цэгээс Б цэг рүү хогийг зөөгөөд булах газарт нь хүргэхэд хог хаягдлын санд цугласан бүх мөнгийг зарцуулдаг ч хүрдэггүй. Тиймээс жилд 6-7 тэрбум төгрөг төсвөөс  нэмж тусгадаг. Харамсалтай нь, ингэж зарцуулаад ч энд тэндгүй хог байсан хэвээр байгаа биз. Өнөөдөр нэг тонн хог 10 км тээвэрлэхэд 30 мянган төгрөг гэсэн тариф үйлчилж байна. Энийг нэмье гэхээр хог хаягдлын санд байгаа мөнгө нь хүрэлцэхгүй гэдэг. НИТХ-ын тогтоолоор 2007 онд баталсан тарифаар нэг өрхөөс сард 2000 төгрөгийн хураамж авдаг. Гэр хорооллын айл өрх 2500 төгрөг төлдөг. Тэр үед дизель түлш литр нь 1470 төгрөг байсан. Өнөөдөр 3400 байна. Ийм нөхцөлд хувийнх ч бай, хувьсгалынх нь ч яаж ашигтай ажиллах билээ.

Үүнийг өөрчлөхийн тулд хог хаягдлын менежментийг бусад оронд байдаг шиг утгаар нь хийх ёстой. Хог хаягдлын хураамжийн мөнгөө индексжүүл. Хог тээвэрлэлтийн компанийн тарифыг шинэчил.  Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгж байгууллагын хогны хураамжийг нэмэх хэрэгтэй.

Утасны төлбөр, цахилгааны төлбөр гээд бусад төлбөр хураамжтай харьцуулбал үнэхээр бага мөнгө. Гэхдээ иргэдийн амьжиргаа ядруу хэвээр байгаа энэ үед нэм гэхээр…?

-Би энэ оны эхээр Европоор явсан. Тэнд 4 ам бүлтэй айл хогны төлбөрт 50 евро өгдөг.  Төгрөгөөр тооцвол нэг хүнээс 50 мянган төгрөг авдаг гэсэн үг. Гэтэл манайд  нэг өрхөөс 2000 төгрөг. Ийм байж хоггүй монгол, аз жаргалтай Улаанбаатар болно яриад яах билээ.

Хуульд бохирдуулагч нь бохирдлын төлбөрөө төлөх үүрэгтэй. Тэгэхээр НИТХ хуулиа мөрдөөд л хураамжийг тодорхой болгоод явах ёстой. Гэтэл энэ хураамжийг нэмчихвэл манай намын сонгуулийн дүнд нөлөөлнө гэх байдлаар асуудалд ханддаг. Үүнээс болж бүх салбарын үйл ажиллагаа доголдож байна шүү дээ.

-Хог хаягдлын хураамжийн тодорхой хувь нь үйлчилгээний төлбөрт явчихдаг гэж сонссон?

-Хог хаягдлын хураамжийг УБЦТС компани цахилгааны төлбөртэй хамт хураадаг. Гэхдээ үйлчилгээний хураамжинд 23 хувийг нь авчихдаг. Тэгэхээр үлдсэн жаахан мөнгө нь бүүр хүрдэггүй.

-Хог хаягдал гэдэг нэг талаар мөнгө. Хэрвээ монголчууд хогоо ангилж ялгадаг бол багагүй хувийг дахин боловсруулах боломжтой биз дээ?

-Иргэдийн хувьд бага ч атугай ангилж, ялгадаг болсон. Гэвч хогны машин холиод аччихдаг. Яагаад гэвэл, ангилсан хогийг авдаг үйлчилгээ Монголд алга. Үүнийг нь бид шаардах хэрэгтэй. Улаанбаатар хот өнөөдөр 40 гаруй стандарттай болсон. Үүн дотор нь хог хаягдлын 7 стандарт бий. Энгийн болон аюултай хог хаягдал болон А цэгээс Б цэг хүртэл хог хаягдлыг буулгах хүртэлх стандарт бий.

Бид А цэгээс үйлдвэрт хүргэх буюу хогоо мөнгө болгох стандартыг хийсэн. НИТХ-аар батлуулахаар холбогдох хэлтэст нь өгсөн. Хэрвээ стандарт батлагдчихвал хотын дарга Сумъяабазарт “Стандартын шаардлага  хангасан дахивар нөөцийн цэгийг 9 дүүрэгт байгуулахыг Засаг дарга нарт даалгаад өгөөч. Хороо бүрт ийм цэг байгуулахыг захирамжлаад өгвөл иргэд ангилсан хогоо өгнө. Энэ цэгт үйлчилж байгаа хог ачдаг машинаа дугаарын хязгаарлалтгүй явуулдаг болгооч” гэсэн хүсэлт тавина. Сумъяабазар дарга өөрөө “Үнэгүй юм хог болдог” гэж маш зөв хэлж тодорхойлж байна билээ. Үнэхээр тийм. Үнэлээд авдаг болбол хогоо хаяхгүй. Гол нь хороо бүрт байх нь чухал.

-Бид хогны төлбөрийн тухай хөндлөө. Гэхдээ хог хаягдлаас өдөрт хэдэн төгрөг олж бас хэдийг зарцуулж байна вэ?

-Улаанбаатар хотод хог хаягдлаас өдөрт 190 сая төгрөгийн эдийн засгийн эргэлт гаргаж байна. Энэ бол сайн тоо. Төсвөөс нэг ч төгрөг авдаггүй. Гэтэл хотод хог тээврийн 20 орчим компани бий.  Тэд А цэгээс тээвэрлээд Б цэгт буулгахад хог хаягдлын сангаас өдөрт 55 сая төгрөг авдаг. Тиймээс бидний санаа бол энэ 55 сая төгрөгийг хоёр дахин бууруулж, 190 сая төгрөгөө хоёр дахин өсгөх юм. Дахин боловсруулдаг 3 хувиа 7 болгоход л 190 чинь хоёр дахин өснө биз дээ.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай уулзсан. Уулзалтын үеэр “Аюултай хог хаягдлын журмаар хуруу зай, товчин зайг зөвхөн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид хүлээлгэж өгнө. Өөр хүн авч болохгүй гээд заачихсан байдаг. Гэвч энэ нь амьдралд огт хэрэгждэггүй. Ганц товчин зай бариад тэр компанийг хайгаад явдаг хүн байх уу” гэдгийг сайдад тайлбарласан. Тиймээс давхивар нөөцийн цэгээр авья. Аюултай хог хаягдал учраас авчирч өгсөн хүндээ урамшуулал өгье. Устгах үйлдвэр кг-ийг нь 2500-гаар устгадаг. Гэхдээ энэ мөнгийг хуруу зай, зай оруулж ирдэг импортлогч компаниудаас нь хог хаягдлын мөнгө гэдэг утгаар авч, тусгай санд төвлөрүүлнэ. Тухайлбал, Канадад үйлдвэрлэгчийн өргөтгөсөн хариуцлагын сүлжээ гэж бий. Бараа бүтээгдэхүүний устгалын мөнгийг тонн тутамд нь гээд тооцоод явдаг. Үйлдвэрлэгч бүтээгдэхүүнийхээ устгал, хог хаягдлын мөнгийг тусгай санд төвлөрүүлээд боловсруулах үйлдвэрүүд рүү шилжүүлдэг гэсэн үг.

-Түрүүн боловсруулалтын хувьд 20-30 дахин бага гэсэн. Тэгэхээр боловсруулах үйлдвэрлэлийн хувьд ч тийм хэмжээнд хоцорч байгаа гэсэн үг үү?

-Саяхан Канадын боловсруулах үйлдвэрийнхэнтэй уулзахад та нар манайхаас 60 жилээр хоцорч явна л гэсэн. Солонгос 50, Япончууд 70 жил гэж хэлдэг л дээ. Тэгэхээр 70 жилээр хоцорч яваа улстайгаа адилхан шаардлага тавина гэдэг чинь дээл нь таарахгүй хүн шиг болно биз дээ. Хамгийн гол нь мэргэжлийн холбоодынхоо үгийг сонсдог газар алга. Мэргэжлийн холбоодын хууль гэж яриад л таг болчихсон. Мөн эко төлбөрийн тухай хууль байна. Яг энэ бүх харилцаа, хог хаягдлыг боловсруулахыг дэмжих санг байгуулах мөнгөө энэ хуулиар олох ёстой. Ийм юмаа хийхгүй өнөөдрийг хүрлээ дээ.

-Саяхан Усны газрын дарга хаягдал усны төлбөрөө аж  ахуйн нэгжүүд огт төлдөггүй юм байна. Одоо хуулийн дагуу арга хэмжээ авна гэж бичсэн байсан.

-Хог хаягдлын тухай хууль дээр 2017 онд аюултай хог хаягдал гээд бүлэг нэмсэн. Гэвч өнөөдөр энэ хуульд мониторинг хийгээд харвал ахиад нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай болжээ.

Өнөөдөр Монгол Улсын засаглалын хугацаа маш богинохон байна. Дээд тал нь 4 жил. Өмнөх хүн нь ажлаа өгөхдөө юу ч үлдээдэггүй. Дараагийн хүнээ сургах гэсээр байтал хамаг цаг заваа бардаг. Гэтэл манай холбоо 18 жил болоод бойжчихсон. Манай холбоонд  дотоодын болон гадаадын, хамтарсан гээд 180 гаруй байгууллага нэгдсэн байдаг.

Мөн энгийн, аюултай, хөнгөн, хүнд гээд 70 гаруй үйлдвэр ажиллаж байна. Энэ үйлдвэрүүдэд өнөөдөр 6000 гаруй хүн ажиллаж байна. Манай холбоо энэ зургадугаар сард хаягдал хуванцар авах охин компани байгуулаад ажиллаж байна.  Мөн картон хайрцаг авах, шахах машин оруулж ирээд ажиллаж байна. Бид өөрсдийнхөө боломжоор ажиллаж байна.

-Та түрүүнд аюултай хог хаягдал боловсруулах үйлдвэрийн тухай хөндлөө. Манай улсын хувьд уул уурхайн орон болоод нэлээн хэдэн жилийг үзлээ. Үүнийг дагаад аюултай хог хаягдал тэр тусмаа химийн хорт бодисын хог хаягдал ихээр гарч байгаа. Гэвч үүнийг устгах технологи хангалттай хөгжөөгүй байна?

-Аливаа юм хоёр талтай. Уул уурхайн салбар эдийн засгийн хувьд онцгой ач холбогдолтой ч аюултай хог хаягдлыг маш ихээр гаргаж байна. Хил гаалийн мэдээг харвал химийн болон бусад аюултай бодис маш ихээр орж байгаа ч тусгай зөвшөөрөлтэй компанид тушаасан хог нь маш бага. Энэ хог хаачив гэхээр газарт булчихдаг. Уг нь хог хаягдлын хуулинд дурын иргэн прокурор болоод зөрчлийг албажуулбал нөхөн төлбөрийн 10 хувийг өгнө гэж байдаг ч энэ бодит болж хэрэгжих боломжгүй, лоозонгийн чанартай л байна. Үүний тулд эхлээд зөрчлийн хуулиар шүүхэд өгнө, шүүх прокурорт гээд шилжүүлсээр байтал шийдэгдсэн зүйлгүй хоцордог.

Өнөөдөр аюултай хог хаягдлын 17 үйлдвэр ажиллаж байна. Үйлдвэрүүд маань Монгол Улсын хилээр орж ирж байгаа аюултай хог хаягдлаа тооцоод анх ажлаа эхлүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл төлөвлөснөөр нь ирсэн хог алга. Жишээ нь, барааны зах дээр зарагдаж байдаг хуванцар цэнхэр савууд.  Манайхан тусгай зөвшөөрөлтэй компанид өгч устгуулах ёстой химийн бодисын саванд хүнсний бүтээгдэхүүн хийчихдэг.  Үүнд иргэд өөрсдөө юун түрүүнд буруутай. Мөн бидний итгэлийг хүлээж сонгогдсон хүмүүс буруутай. Хуулийн дагуу ажиллавал энэ асуудлыг цэгцэлж болно доо уг нь.

-Манай улстай адил түвшинд уул уурхай хөгжиж байгаа ч хог хаягдлын асуудлаа олон улсын түвшинд шийдэж чадсан жишээ байдаг уу?

-Хамгийн сайн жишээ бол Омманы хаант улс гэдэг. Манайтай ойролцоо 4 сая хүнтэй, уул уурхайн орон. Уул уурхайтай орон хог хаягдлынхаа асуудлыг хэрхэн шийдэв, хүлэмжийн хийн ялгарал дээр хэрхэн анхаарах ёстой вэ гэдгийн бодит жишээ гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг. Анх 180 төвлөрсөн хогийн цэгтэй байсаа 36 болгож цөөлсөн. Тав дахин багасгаж чадсан.

Гэтэл манайх 300 гаруй цэгтэй. Зөвхөн зөвшөөрөлтэй хогийн цэгээс гадна үүсмэл цэгийнхээ хэмжээг тооцож үзвэл Сингапур улсын нутаг дэвсгэрийн дайтай талбай эзэлдэг. Сингапурт нэг га газрын татвар хураамж гэтэл ямар өндөр билээ.

-Хог хаягдал гэхээр Улаанбаатар хотын хот тохижилтын компаниуд хариуцдаг гэж ойлгодог?

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтэс гэж бий. Нийслэлийн 9 дүүргийн газар нутгаа хариуцна.

-Хог хаягдал боловсруулах үйлдвэрүүд маань өнөөдөр техник, технологийн хувьд  хэр байдаг юм бэ?

-Үйлдвэрүүд дотор 2018 онд гарсан шинэ технологитой нь бий. Гэхдээ нэг хоёроос хэтрэхгүй. Ихэнх үйлдвэр маань Хятадын 10 жил болоод хаясан технологи, тоног төхөөрөмжтэй байгаа нь үнэн. Тиймээс бид Засгийн газарт зөвлөмж хүргүүлэхээр ажиллаж байна. Хүнсний гаралтай бүх тоног төхөөрөмжийг хил гаалийн татвараас чөлөөлсөн шиг хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн тоног татвараас чөлөөлж өгөөч гэж. Мэдээж хөрөнгө оруулалтын хэрээр хүчин чадал нь сайжирна шүү дээ.

-Хог хаягдлын менежмэнт гэдэг нэр томъёог хамгийн их хэрэглэдэг мөртлөө яг юу вэ гэдэг тухайд тийм ч их ойлголт байдаггүй?

-Хог хаягдлын боловсрол л гэсэн үг. Хүн бүрийн хувийн онцлогоос шалтгаална. Хүн хогоо ялгах уу, ангилах уу гэдгээс эхэлнэ. Ийм л юм байгаа юм.

-Бас нэг зүйл бол хог хаягдлын тайлан гэж жил бүр гардаг ч танайх, нийслэлийнх, яамных гээд өөр өөр тоо хэлдэг?

-Хамгийн бодитой тоог манай дээр гарч байгаа. Хог хаягдлын менежмэнт гэснээс хамгийн түрүүнд хогныхоо хэмжээг зөв тодорхойлох ёстой. Орон нутаг пүүгүй байж, хог хаягдлынхаа хэмжээг хэрхэн гаргадаг вэ гэдэг нь тодорхой шүү дээ.

-Хог хаягдал бол уур амьсгалын өөрчлөлттэй шууд холбоотой. Манайх Парисын хэлэлцээрт нэгдэж,  нүүрсхүчлийн хий, хүлэмжийн хийгээ багасгах үүрэг хүлээсэн. Гэвч энэ бол манай улсын хувьд огт биелүүлдэггүй үүрэг гэж болох байх?

-Яг үнэндээ үүнийг ойлгодог мэддэг хүн маш цөөхөн. 2015 онд уур амьсгалын өөрчлөлтийн сан буюу Парисын гэрээнд дэлхийн 150 орон нэгдсэн. Монгол Улс 2016 онд нэгдсэн юм. Одоо дэлхийн 190 орон энэ гэрээнд нэгдсэн байдаг. Монгол Улсын 1.5 сая хавтгай дөрвөлжин км газраас гаргаж байгаа нүүрсхүчлийн хий, хүлэмжийн хийн ялгарал 50 сая тонн. Эндээс хог хаягдлаас шалтгаалж байгаа нь 2,4 сая тонн. Бид 2030 он гэхэд 2 дахин бууруулна гэж үүрэг хүлээсэн. Гэтэл өнөөдөр 2.4 сая тонн маань 3.5 сая тонн болсон. Буураагүй өссөн. Гэтэл үүнд хэн ч хариуцлага хүлээгээгүй. Хүлээсэн үүргээ биелүүлж, хүлэмжийн хийгээ бууруулахын тулд өнөөх хог хаягдлын менежмэнтээ олон улсын стандартад хүргэх хэрэгтэй.

Дахин боловсруулалтын байгаль орчинд үзүүлэх нөлөө 

Их хэмжээний “дахивар” экспортлогдсон орнуудад (Тайланд, Малайз гэх мэт Зүүн Өмнөд Азийн орнууд) дахин боловсруулж дийлэхгүй байгаа нь эдгээр орнуудын байгаль орчин, цаашлаад хүний эрүүл мэндэд асар их сөрөг нөлөөг үзүүлж байна. Шатаах үйлдвэрүүд маш хортой утаа, үнсийг ямар ч зохицуулалт, хяналтгүйгээр үүсгэсээр байна. Шатаагаагүй үлдсэн хаягдал дийлэнх нь хогийн цэгүүдэд эсвэл бүр байгаль орчинд ил задгай тархан хаягддаг. Товчхондоо байгальд ээлтэй гэх сайхан нэр хүндтэй атлаа дахин боловсруулалтын салбарын дэлхий дахинд үзүүлж буй сөрөг нөлөө асар их байдаг.
Үнэндээ дахин боловсруулах үйл явц ч өөрөө байгаль орчинд асар их сөрөг нөлөө үзүүлдэг. Тухайлбал ус, эрчим хүчний өндөр хэрэглээ, бохир ус болон нүүрсхүчлийн хий үйлдвэрлэлт өндөр гэх мэт олон нөлөөг дурдаж болно. Мэдээж эдгээр нөлөө нь түүхий эдийг шинээр олборлохоос бага хөнөөлтэй ч дахин боловсруулалт нь байгаль орчинд огт сөрөг нөлөө үзүүлдэггүй мэт харж болохгүй юм. Дахин боловсруулалтын байгаль орчинд үзүүлэх нөлөөг хэзээ ч дурддаггүй нь бид бүх нийтээрээ энэхүү салбар, тэдгээрийн үйл ажиллагаа байгальд ямар ч сөрөг нөлөө үзүүлдэггүй мэт харалган ойлголтод хөтөлсөөр өдийг хүрсэнтэй холбоотой юм.
Дахин боловсруулалтын тухай ярихдаа хамгийн муу хувилбартай харьцуулж харах бус бусад хог хаягдлын гарцыг багасгах гэх мэт эерэг нөлөө ихтэй хувилбартай харьцуулах нь чухал. Өөрөөр хэлбэл бид дахин боловсруулалтыг дахин ашиглахтай бүр цаашлаад хог хаягдлыг эхнээс нь гаргахгүй байх арга замтай харьцуулвал энэ салбар бидний эх дэлхийд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэгийг бодитоор харах боломжтой юм.
Мөн түүнчлэн нэг удаагийн бүтээгдэхүүнийг дахин боловсруулах нь энэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээтэй салшгүй холбоотой бөгөөд хэт богино амьдралын мөчлөгтэй эдгээр зүйлсийг байгаль орчинд үзүүлэх нөлөөгөөр нь бүхэлд нь харж шийдвэрлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл бид дахин боловсруулалтын бодит нөлөөг тооцохыг хүсвэл хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түүний түүхий эдийн олборлолтын нөлөөг мөн тооцох ёстой. Түүгээр ч зогсохгүй нэг удаагийн бүтээгдэхүүн, сав баглаа боодол байхгүй байсан бол тэдгээрийг дахин боловсруулах шаардлага мөн байхгүй байсан гэдгийг тодоор харах учиртай.
Хуванцрыг газрын тос, олборлосон байгалийн хийгээр үйлдвэрлэдэг бөгөөд эдгээр түүхий эдийг олборлох явц нь эмзэг давхрагын иргэдэд хамгийн ихээр нөлөөлдөг төдийгүй асар их бохирдол үүсгэдэг.

Дахин боловсруулалтын салбар нийгмийн тэгш бус байдалд суурилан ядуу иргэдийн хөдөлмөрийг мөлжиж л оршин тогтнож байна

Дахин боловсруулалтын явцад гарах “техникийн” болон “физик шинж чанарын” асуудлуудыг эс тооцсон ч хог хаягдлын менежментийг ангилалт, дахин боловсруулалтад суурилуулах нь нийгэм, эдийн засгийн хувьд ч тогтвортой шийдэл биш юм (гол шалтгаан нь дахин боловсруулсан материал түүхий эд шинээр олборлохоос ашигтай байх ёстой бөгөөд энэ нь даяарчлагдсан зах зээлийн эдийн засагтай нөхцөлд маш төвөгтэй). Хөгжингүй орнуудад ч ангилалт, дахин боловсруулалтын түвшин маш хангалтгүй ажиллаж нийт хог хаягдлынхаа өчүүхэн хувийг дахин боловсруулдаг хэвээрээ байна. Өнөөгийн байдлаар улс орнуудын ангилан ялгалт, дахин боловсруулалтын салбар бүхэлдээ маш тогтворгүй, хараат бөгөөд байгальд ээлгүй хэвээрээ байна.
Хөгжингүй орнуудын айл өрхүүд болон бусад хог хаягдал үүсгэгчдийн буруу ангилсан дахивар хаягдлуудын дийлэнх хувь нь гадны улс руу (2018 онд хуванцарын импортыг хорих хүртэл Хятад руу, одоо Тайланд, Малайз гэх мэт Зүүн Өмнөд Азийн орнууд руу) экспортлосоор байгаа тул энэ салбар хэвийн ажиллаад байгаа мэт сэтгэгдэл төрүүлсээр байна. Гэтэл эдгээр орнуудад ихэнх “дахиварууд” дахин боловсруулалтад оруулдаггүй. Учир нь хог хаягдлаа экспортлогч хөгжингүй оронд хангалттай сайн ангилж, цэвэрлээгүй, эсвэл хэтэрхий өндөр өртөгтэй, цаашлаад эдгээр орнуудад дахин боловсруулах өртөг нь түүхий эд шинээр олборлохоос өндөр өртөгтэй гэх мэт шалтгаанаар асар их хэмжээний дахивар хог шатаах зууханд дуусдаг байна. Эцэст нь эдгээр импортлогч буурай хөгжилтэй орнуудад дахиварыг эцэслэн ангилан ялгах ажиллах хүч маш хямд олддог учраас л нийт дахиварын багахан хэсгийг дахин боловсруулах боломж байдаг юм.
Бодит байдал гэвэл дэлхий нийтийн дахин боловсруулалтын салбар нийгмийн тэгш бус байдалд суурилан ядуу иргэдийн хөдөлмөрийг мөлжиж л оршин тогтнож байна гэсэн үг. Үнэндээ бидний нүднээс далд аймшигтай ядууралд нэрвэгдсэн баян улсуудын (эсвэл өөрийн орны баян иргэдийн) хог хаягдлыг ялгахаас өөр амь зуух аргагүй иргэд байгаа учраас л дахин боловсруулах салбар зохистой ажиллаад байгаа мэт харагддаг. Иймээс ийм төрлийн шийдлийг дэлхий дахинд хэрэгжүүлнэ гэдэг байж болшгүй хэрэг. Маш бага хэмжээний материал л цэвэр, аюулгүй, шударга, тогтвортой, эдийн засгийн хувьд тэгш хуваарилалттай нөхцөлд дахин боловсрууллагддаг гэдгийг бид мартаж болохгүй.

Цахим үйлдвэрлэлээс үүдэлтэй хог хаягдлын хэмжээ 61 сая тонн орчим болжээ

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар хог хаягдлын хэмжээ ихэссээр байна. 2050 он гэхэд дэлхийн  хотуудын хатуу хог хаягдлын хэмжээ ойролцоогоор 70 хувиар нэмэгдэж, 3.4 тэрбум тоннд хүрэх төлөвтэй байна. Энэ нь хүн ам,  эдийн засгийн өсөлт, хотжилт, зэрэг олон хүчин зүйлээс гадна хэрэглэгчдийн худалдан авалт хийх зуршилтай холбоотой юм. Иймээс хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хог хаягдлыг дахин боловсруулах, зайлуулах үйлчилгээг технологижууулах, сайжруулах хэрэгцээ улам бүр чухал болж байна. Харамсалтай нь, хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага хомс, иргэдийн энэ талын боловсрол мэдлэг дутмаг, хот, улсын удирдлагын менежмент муугаас жил бүр хог хаягдлын 20 хүрэхгүй хувийг дахин боловсруулдаг гэсэн статистик бий. Өөрөөр хэлбэл, өдөр бүр асар их хэмжээний хог хаягдлыг хогийн цэг рүү илгээсэн хэвээр байна. Хөгжиж буй орнуудад ихэвчлэн  хогийн ил цэгүүдэд хаядаг бол баян орнууд ядуу буурай, хөгжиж буй орноос илүү их хог хаягдал гаргадаг ч тэдэнд асуудлыг шийдвэрлэхэд туслах сайн менежмент байдаг.  Харин дийлэнх улс орнууд хог хаягдлын менежмент байхгүйгээс өдөр бүр асар их хэмжээний хог эх дэлхийдээ булсаар байна.

 

Дэлхийн хамгийн том хогийн цэгүүд

Хамгийн их акр талбай эзэлсэн манай гарагийн хамгийн том хогийн цэгүүд /2019 оны судалгаа/

 

Дэлхийн хамгийн том хог үйлдвэрлэгчид

Хотын хатуу хог хаягдлыг хамгийн их гаргадаг нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг юм.  Хятад нь дэлхийн хамгийн олон хүн амтай улсын хувьд нийт хатуу хог хаягдлын 15 гаруй хувийг дангаар эзэлдэг. Гэсэн ч хүн амын тоотой нь харьцуулбал АНУ хамгийн их хог үйлдвэрлэгч юм. АНУ нь дэлхийн нийт хүн амын тав хүрэхгүй хувийг эзэлдэг ч бохир усны 12 орчим хувь,  хог хаягдлын 11.65 хувийг бүрдүүлдэг. Энэ нь нэг тэрбум гаруй хүн амтай Энэтхэг улстай бүхий л үзүүлэлтээр тэнцүү хувьтай байна гэсэн үг юм. АНУ нь нэг хүнд ногдох хамгийн том бохир усны үүсгүүр. Америкчууд жил бүр дунджаар нэг хүн 800 гаруй кг хог хаягдал үүсгэдэг. Энэ нь Япон улсын нэг хүнд ногдох хог хаягдлын хэмжээнээс хоёр дахин их.  Тус улсын иргэд жилд дунджаар 350 кг хог хаягдал гаргадаг байна.

Европт Дани нэг хүнд ноогдох хог хаягдлаараа тэргүүлдэг. Даничууд жил бүр америкчуудтай ижил хэмжээний хог хаягдал үйлдвэрлэдэг. Хот суурин газрын хог хаягдал хөдөө орон нутгийнхаас хоёр дахин их бөгөөд Дани улсын хүн амын бараг 90 хувь нь хотынх.

Дэлхийн хэмжээнд хот, хөдөөгийн хатуу хог хаягдлыг цуглуулах хэмжээ, орлогын түвшингээр

 

  • Энэхүү статистик нь дэлхийн хэмжээнд хөдөө орон нутаг, хот суурин газрын хатуу хог хаягдлын хэмжээг орлогын түвшингээр нь ангилан харуулсан байдал. Дэлхий даяар хог хаягдлыг цуглуулах хамгийн түгээмэл хэлбэр хаалганаас хаалганы хооронд хог хаягдлыг цуглуулах байдал хэвээрээ байна.

 

АНУ нь хамгийн том хог үйлдвэрлэгч хэдий ч “тусгай хог хаягдал”-ын ангиллыг (үйлдвэрлэлийн, цахим хаягдал, аюултай, хөдөө аж ахуйн хог хаягдал гэх мэт) харгалзан үзвэл Канад нь дэлхийн хамгийн их хог хаягдал гаргадаг. Газрын тос боловсруулах, металлын үйлдвэрлэл зэрэг үйл ажиллагаа эрчимтэй хөгжсөн учир Канадад нэг хүнд ногдох жилийн хог хаягдлын хэмжээ 36.1 метр тонн байна. Энэ нь нэг хүнд ногдох АНУ-ынхаас 10 метр тонноор их байна.

2019 оны байдлаар дэлхийн хог хаягдал үйлдвэрлэгч тэргүүлэгч орнуудын нэг хүнд ноогдох жилийн хог хаягдлын тооцоолсон хэмжээ (метр тонноор)

Канад улс жилд ойролцоогоор 1.33 тэрбум тонн хог хаягдал гаргадаг бөгөөд үүний 1.12 тэрбум тонн нь үйлдвэрийн хог хаягдлаас үүсдэг.

Графикт үзүүлсэн хог хаягдлын тоонд хотын хатуу хог хаягдал, мөн тусгай хог хаягдал орно. Тусгай хог хаягдал нь үйлдвэрлэлийн, эмнэлгийн, цахим хаягдал, аюултай, хөдөө аж ахуйн хог гэх мэт. Гэхдээ, АНУ нь нэг хүнд ногдох өдөр тутмын хатуу хог хаягдлын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлсээр…

 

Дэлхийн хог хаягдлын урсгал

Хог хаягдал төрөл бүрийн материалаас бүрддэг. Тэр дундаа хуванцар хог хаягдал нь сүүлийн жилүүдэд далайн амьдралд үзүүлэх сөрөг нөлөөгөөрөө ихээхэн анхаарал татаж байгаа юм. Мөн цахим хог хаягдал нь дэлхий даяар хамгийн хурдацтай хөгжиж буй хог хаягдлын урсгал болоод байна.

2019 онд дэлхийн электрон хог хаягдлын хэмжээ 50 сая гаруй тонн болсон бөгөөд ирэх арван жилд 20 сая тонноор нэмэгдэх төлөвтэй байна. Бусад хог хаягдлын нэгэн адил нэг хүнд ногдох цахим хог хаягдлын хэмжээ чинээлэг улс орнуудад өндөр байдаг. Хоол хүнс бол дэлхийн нийт хог хаягдлын бараг 50 хувийг эзэлдэг хог хаягдлын хамгийн түгээмэл хэлбэр юм. Жил бүр олон сая тонн хүнс, тэр дундаа жимс, хүнсний ногоо дэмий үрэгдсээр байна. Бусад хог хаягдлын нэгэн адил АНУ нь хүнсний хог хаягдлын гол үйлдвэрлэгч бөгөөд жил бүр бараг 100 сая тонн хүнсний хог хаягдал үүсгэдэг. Мөн бусад хог хаягдлын нэгэн адил хүнсний хог хаягдал нь хүрээлэн буй орчны бохирдлын гол шалтгаан болдог.

Дэлхий даяар бий болсон хотын хатуу хог хаягдлын материалын төрлөөр нь хуваарилалт

Энэхүү статистик нь 2016 онд дэлхий даяар бий болсон хотын хатуу хог хаягдлыг хог хаягдлын төрлөөр нь ангилсан задаргааг харуулж байна. Энэ оны байдлаар дэлхийн хатуу хог хаягдлын дөрвөн хувийг металлын хаягдал эзэлж байна.

2019-2030 он хүртэл дэлхий даяар электрон хог хаягдал бий болно (сая метр тонноор)

2019 онд дэлхий даяар үйлдвэрлэсэн электрон бараанаас үүдэлтэй хог хаягдлын хэмжээ 54 сая тонн орчим болжээ. ЦАХИМ хэрэглээ нэмэгдэхийн хэрээр сүүлийн жилүүдэд цахим үйлдвэрлэлээс үүдэлтэй хог хаягдал дэлхийн хэмжээнд хамгийн хурдацтай нэмэгдэж байна. Энэ байдал цаашид үргэлжилсээр 2030 он гэхэд дэлхий даяар жил бүр цахим хог хаягдлын хэмжээ 30 орчим хувиар өсөх төлөвтэй байна.