WasteManagement-д тавтай морил Холбоо барих Гишүүнчлэл

Дахин боловсруулалт үнэндээ хэний хийх ажил вэ, үйлдвэрлэгчид үү иргэд үү

Дахин боловсруулалт үнэндээ маш олон асуудал, давагдашгүй хязгаартай юм бол яагаад дахин боловсруулах явцыг сайжруулах тухай илүү анхаараад хэрэглээг багасгах, дахин ашиглах, засварлах тухай ярьдаггүй юм бэ? Энэ хоёр агуулгыг “тойрог эдийн засаг”-т хоёуланг нь хамааруулдаг боловч амьдрал дээр тэс өөр байсаар байна.

Юуны өмнө хог хаягдлаа нөөц болгох уу нөөцөө хог хаягдлыг багасгах уу гэдэг дээр төвлөрмөөр байна. Харамсалтай нь өчнөөн олон асуудал, сөрөг нөлөөтэй байтал байсаар байтал бид яагаад хог хаягдлаа нөөц богож дахин боловсруулахыг илүүд үздэг юм бол?
Үнэндээ 1960-аад оныг хүртэл хоёр дахь зорилт буюу аль болох нөөцөө хог хаягдал болгохгүй байх талаа чухалчилдаг байлаа. Тухайн үед хуванцар хэрэглээнд нэвтрээгүйн дээр тойрог хог хаягдлын зохицуулалт дахин ашиглагддаг, эргүүлэн татдаг сав баглаа боодолд л төвлөрдөг байв. Баглаа боодлоо эргүүлэн татах ажиллагааг тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид санхүүжүүлдэг байсан ба бохирдол үүсгэж байгаагаараа үйлдвэрлэгч төлөх ёстой гэсэн хандлага хэвийн байсан юм. Жишээ нь: ус ундааны компани бүтээгдэхүүнээ шилэн савлагаанд хийж, шилээ эргүүлэн татдаг (хэрэглэгч доторх шингэнийг нь уух гэж байгаа болохоос шилийг нь хэрэглэхгүй) байв. Энэ тогтолцоо сайн хэрэгжээд зогсохгүй үйлдвэрлэлийн хог хаягдал маш бага гаргадаг байжээ. Бид тэр үед жинхэнэ тойрог эдийн засагтай ойрхон байсан юм.
Гэвч хуванцар бидний хэрэглээнд нэвтэрснээр ихэнх компаниуд саваа эргүүлэн татахыг зогсоож нэг удаагийн савлагаа ашиглавал илүү ашиг олж болохыг харж эхлэсэн байдаг. 20 гаруйхан жилийн дотор л бараг бүх дахин ашигладаг савлагаа (мөн органик, байгальд задардаг савлагаа)-г нэг удаагийн хуванцар савлагаа орлов. Ингээд бид шулуун эдийн засгийн тогтолцоонд шилжиж асар их хэмжээний хог хаягдал үүсгэж эхэлсэн юм.
Энэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд үйлдвэрлэгчид маш их хэмжээний хөрөнгийг “тойрог эдийн засаг”-ийг шинээр тодорхойлох олон нийтийн харилцааны кампанит ажлуудыг лоббидоход зарцуулсан байдаг. Тэд дахин боловсруулалтыг танилцуулж эхэлсэн (эргүүлэн татах, дахин ашиглахын оронд) бөгөөд үүнийгээ асар ихээр үүсгэх болсон хог хаягдлаа зохицуулах хамгийн шилдэг арга хэмээв. Ингээд хог хаягдлаа зохицуулах өөрсдийн хариуцлагыг хэрэглэгчид болон орон нутгийн удирдлагуудад шилжүүлж дөнгөв.


АНУ-д явагдсан хамгийн эхний болоод алдартай лоббидох кампанит ажил нь “Америкийн үзэсгэлэнг хадгалъя” хэмээх Кока Кола компанийн зохион байгуулсан ажил бөгөөд “бид бүгдээрээ хариуцлага үүрэх ёстой” гэсэн санааг түлхэж, иргэдийг хог хаягдлаа ангилахгүй байна хэмээн буруутгасан байдаг. Эргүүлэн татах тогтолцоо тэр чигтээ нуран унаснаар хүмүүс гарч буй хог хаягдлаа замбараагүй хаяж, тэдгээр нь байгаль орчныг ихээр бохирдуулах болсон тул тэдний мессеж ч хялбархан тархав. Ингээд үйлдвэрүүд “хариуцлагагүй иргэд” рүү хуруугаа чичлэн буруутгаж өөрсдийн нэмэлт ашгийн төлөө мэдсээр байж хийсэн увайгүй сонголтынхоо хариуцлагыг хүлээлгүй, бодит үнэнийг хялбархан нууж чадсан юм.
Ингэж дэлхий даяар “тойрог эдийн засаг”-ын шинэ ойлголт (хог хаягдлаа нөөц болгох) дэлгэрч дахин боловсруулалт нь хог хаягдлын менежментийн тулгын чулуу болсноор хариуцлагагүй, хэт хэрэглээнд дардан зам тавьж өгөв. Одоо цагт үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний бодит хэрэгцээг түүний нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөтэй харьцуулан тооцохоо нэгэнт больжээ. Анхнаасаа байх ч ёсгүй бүтээгдэхүүнийг дахин боловсруулах арга зам хайх хүртлээ төөрсөн бид бүхнийг дахин боловсруулна гэж итгэсээр урвуу үр нөлөөнд нь автаж гүйцжээ.