WasteManagement-д тавтай морил Холбоо барих Гишүүнчлэл

Хаягдал хуванцар сав кг-ыг нь 600 төгрөгөөр авч байна

“MCS coca cola” компанийн санаачилгаар ТМЛ группийнхэн ус, ундааны хуванцар савыг дахин боловсруулах үйлдвэрийг 2021 онд ашиглалтад орсан. Уг үйлдвэр жилд 20 000 тонн хуванцар хаягдлыг боловсруулах хүчин чадалтай. Одоогоор ус, ундааны савыг дахин боловсруулж хуванцар утас болон бусад түүхий эд үйлдэврлэж байна. Ирэх жилээс “MCS coca cola” компанийн ус, ундааны савны түүхий эдийг үйлдвэрлэж эхлэх аж.
ТМЛ группийнхэн өнгөрсөн хоёрдугаар сард хаягдал цуглуулах компани байгуулан, үйлдвэрийн түүхий эдээ татан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж буй. Ингэснээр нийслэлд гурва, Дархан-Уул аймагт нэг цэг нээжээ. Дээрх цэгүүдэд ус, ундааны савыг кг-ыг нь 600 төгрөгөөр авч байгаа юм.

ТМЛ группийнхэн 4000 орчим байгууллага, аж ахуйн нэгжид хамтран ажиллах санал тавьжээ. Одоогоор 1400 орчим байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Ингэснээр хуванцар сав цуглуулах зориулалтын уут дүүрсэн тохолдолд дуудлагын дагуу очиж, кг-ыг нь 250 төгрөгөөр авдаг. Мөн айлын хашаанаас ч очиж авах боломжтой юм байна. Тодруулбайл, СӨХ, эмнэлэг, сургууль, ус, ундаа үйлдвэрлэгчид, үйлчилгээний газар, зочид буудал зэрэг байгууллага тэдэнтэй хамтарчээ. ТМЛ группийн цуглуулалт хариуцсан менежер О.Өнөржаргал энэ талаар “Манай улсын иргэд жилд 18 000 тонн хуванцар савлагаатай бүтээгдэхүүн хэрэглэдэг гэх судалгаа бий. Бид үүний 50 хувийг нь ч цуглуулж авч чадахгүй байгаа. Гэхдээ сүүлийн жилүүдэд манай харилцагчдын тоо тасралтгүй дэмэгдсэн. Цаашид ч бүх аймгийг хамруулах төлөвлөгөө бий. Ус, ундаа үйлдвэрлэгч болон бусад байгууллага, хувь хүн нийгмийн хариуцлагын хүрээнд бидэнтэй хамтран ажиллах санаачлага гаргавал олон талын үр дүн гарах юм” хэмээн ярилаа.

Эх сурвалж: ӨНӨӨДӨР.МН

Аялалын үеэр гаргасан хог хаягдлаа ангилах алхмууд

Аялж байх явцдаа хог хаягдал үүсэхээс сэргийлж чадахгүй нөхцөлд гаргасан хог хаягдлаа ангилж орон нутгийн дахивар нөөцийн цэгүүд дээр тушаагаарай.

 

ХУВАНЦАР:
Хуванцар: Бүх төрлийн ундааны сав, нэг удаагийн зөөлөн хуванцар халбага сэрээ, саван шампуний сав, сүү тараг, талх, нарийн боовны зөөлөн гялгар уут, хүнсний скоч, /PET, HDPE, PVC, LDPE, PS, PP/, Styrofoam хөөсөнцөр, хатуу хуванцар савлагаанууд, уян савлагаанууд.

Анхаарах зүйлс:
• Уут, савлагааны овор хэмжээг багасгах
• Цэвэрхэн байх.

ЦААС:
Бичгийн, дэвтрийн, сонингийн болон бусад төрлийн хаягдал цаас, бор
цаас, картон, өндөгний сав.

Анхаарах зүйлс:
• Шохойгүй байх
• Үдээсгүй байх
• Наалтгүй байх (скочгүй)

ШИЛ/ ЛААЗ:
Хөнгөн цагаан ундаа, пивоны лааз, бүх төрлийн цонхны шил, толь, хүнсний бүтээгдэхүүн, архи пиво, ундааны шил

Анхаарах зүйлс:
• Цэвэрхэн байх
• Лаазны овор хэмжээг багасгах

ДАХИН БОЛОВСРУУЛАГДАХ БОЛОМЖГҮЙ ХОГ ХАЯГДАЛ

ЦААС: Шохойтой буюу гялгар бүрэлттэй, тос болж бохирдсон цаас.
ХУВАНЦАР: Манай улсад дахин боловсруулах боломжгүй хуванцар савлагаанууд: зиплок уут, чихэр, чипсний уут гэх мэт. Гэсэн хэдий ч хуванцар нь байгаль орчинд ил задгай хаягдвал хэзээ ч шингэдэггүй учир заавал хогийн цэгт хүрч, салхиар бохирдохгүй нөхцөлд хаягдах ёстойг санаарай.
ШИЛ: Автомашины хагарсан шил

Хүмүүс хог хаягдлаа бууруулахын оронд ангилах, дахин боловсруулахыг илүүд үздэг

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бид хог хаягдлын зохицуулалт болон тойрог эдийн засгийг дахин болосвсруулалтгүйгээр харж чадахаа байжээ. Хэдийгээр онолын хувьд дахин ашиглах нь дахин боловсруулахаас илүү хувилбар боловч дахин боловсруулалт бидний сэтгэлгээнд маш том байр суурийг эзэлснээр дахин ашиглах хэрэгтэйг мэдсээр байж бүгдийг дахин боловсруулснаар хог хаягдлын асуудлыг шийднэ хэмээн итгэх болжээ.
Харамсалтай нь дахин боловсруулалтыг хэт эерэгээр хүлээн авах нь урьдчилан сэргийлэх арга замд тушаа болдог. Судалгаанаас харахад дахин боловсруулалттай холбоотой эерэг сэтгэгдэл нь хэрэглээгээ багасгах, хог хаягдал үүсгэхгүй байх хандлагаас илүү хүчтэй давж байгааг харуулжээ. Дахин боловсруулах боломжтой гэж бодож эсвэл боломжтойг нь мэдэж байгаа нөөц материалаар хийгдсэн бүтээгдэхүүнийг хүмүүс их хэмжээгээр хэрэглэдэг болох нь тогтоогджээ. Иймээс дахин боловсруулалтыг хог хаягдлын менежментийн гол шийдэл мэтээр харуулах нь хүмүүс хог хаягдал анхнаас нь үүсгэхгүй байх, хэрэглээгээ хянах, зуршлаа өөрчлөх гэх мэт шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх сэдлийг бууруулдаг байна.
Амьдралдаа томоохон өөрчлөлтүүдийг хийхэд хэцүү байдаг тул бид хамгийн хялбар сонголтыг илүүд үздэгтэй ч холбоотой байж мэдэх юм. Хүмүүс хэрэглээгээ өөрчлөхөөс гарч буй хог хаягдлаа ангилах нь илүү хялбар, тиймээс л бид хог хаягдлаа бууруулахын оронд ангилах, дахин боловсруулахыг илүүд үздэг байна.
Ингэж явсаар бид ахиад байгалийн нөөцийг олборлохгүйгээр төгсгөлгүй дахин боловсруулах биелшгүй мөрөөдөлдөө бүрэн итгэх болжээ. Гэвч бид одоогийн хэрэглээгээ бууруулахгүй бол энэ нь бүтэшгүй юм. Дахин боловсруулалт бага багаар сайжирч байгаа ч байгалийн нөөцийн олборлолт хурдацтайгаар өсч, хуванцрын үйлдвэрлэл урьд байгаагүйгээр нэмэгдсээр байна. 2005-2015 онд дэлхий дахины хуванцрын жилийн үйлдвэрлэл 45%-иар өссөн байна гэсэн судалгаа бий. Тиймээс хэрэглээгээ бууруулахгүйгээр энэ хурдыг бид яаж ч хичээгээд гүйцэж дахин боловсруулж дийлэхгүй юм.
Хэрэв дахин боловсруулалтыг хуванцрын гарцыг эрс багасгахгүй бол дахин боловсруулалт нь хог хаягдлын менежментийн өчүүхэн бас тогтворгүй шийдэл хэвээр байх болно. Бүр цаашилбал бодлогогүйгээр зогсолтгүй үйлдвэрлэж, хэрэглэсээр байх эндүү шалтгаан болсоор байна.

Дахин боловсруулалтын байгаль орчинд үзүүлэх нөлөө 

Их хэмжээний “дахивар” экспортлогдсон орнуудад (Тайланд, Малайз гэх мэт Зүүн Өмнөд Азийн орнууд) дахин боловсруулж дийлэхгүй байгаа нь эдгээр орнуудын байгаль орчин, цаашлаад хүний эрүүл мэндэд асар их сөрөг нөлөөг үзүүлж байна. Шатаах үйлдвэрүүд маш хортой утаа, үнсийг ямар ч зохицуулалт, хяналтгүйгээр үүсгэсээр байна. Шатаагаагүй үлдсэн хаягдал дийлэнх нь хогийн цэгүүдэд эсвэл бүр байгаль орчинд ил задгай тархан хаягддаг. Товчхондоо байгальд ээлтэй гэх сайхан нэр хүндтэй атлаа дахин боловсруулалтын салбарын дэлхий дахинд үзүүлж буй сөрөг нөлөө асар их байдаг.
Үнэндээ дахин боловсруулах үйл явц ч өөрөө байгаль орчинд асар их сөрөг нөлөө үзүүлдэг. Тухайлбал ус, эрчим хүчний өндөр хэрэглээ, бохир ус болон нүүрсхүчлийн хий үйлдвэрлэлт өндөр гэх мэт олон нөлөөг дурдаж болно. Мэдээж эдгээр нөлөө нь түүхий эдийг шинээр олборлохоос бага хөнөөлтэй ч дахин боловсруулалт нь байгаль орчинд огт сөрөг нөлөө үзүүлдэггүй мэт харж болохгүй юм. Дахин боловсруулалтын байгаль орчинд үзүүлэх нөлөөг хэзээ ч дурддаггүй нь бид бүх нийтээрээ энэхүү салбар, тэдгээрийн үйл ажиллагаа байгальд ямар ч сөрөг нөлөө үзүүлдэггүй мэт харалган ойлголтод хөтөлсөөр өдийг хүрсэнтэй холбоотой юм.
Дахин боловсруулалтын тухай ярихдаа хамгийн муу хувилбартай харьцуулж харах бус бусад хог хаягдлын гарцыг багасгах гэх мэт эерэг нөлөө ихтэй хувилбартай харьцуулах нь чухал. Өөрөөр хэлбэл бид дахин боловсруулалтыг дахин ашиглахтай бүр цаашлаад хог хаягдлыг эхнээс нь гаргахгүй байх арга замтай харьцуулвал энэ салбар бидний эх дэлхийд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэгийг бодитоор харах боломжтой юм.
Мөн түүнчлэн нэг удаагийн бүтээгдэхүүнийг дахин боловсруулах нь энэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээтэй салшгүй холбоотой бөгөөд хэт богино амьдралын мөчлөгтэй эдгээр зүйлсийг байгаль орчинд үзүүлэх нөлөөгөөр нь бүхэлд нь харж шийдвэрлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл бид дахин боловсруулалтын бодит нөлөөг тооцохыг хүсвэл хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түүний түүхий эдийн олборлолтын нөлөөг мөн тооцох ёстой. Түүгээр ч зогсохгүй нэг удаагийн бүтээгдэхүүн, сав баглаа боодол байхгүй байсан бол тэдгээрийг дахин боловсруулах шаардлага мөн байхгүй байсан гэдгийг тодоор харах учиртай.
Хуванцрыг газрын тос, олборлосон байгалийн хийгээр үйлдвэрлэдэг бөгөөд эдгээр түүхий эдийг олборлох явц нь эмзэг давхрагын иргэдэд хамгийн ихээр нөлөөлдөг төдийгүй асар их бохирдол үүсгэдэг.

Дахин боловсруулалтын салбар нийгмийн тэгш бус байдалд суурилан ядуу иргэдийн хөдөлмөрийг мөлжиж л оршин тогтнож байна

Дахин боловсруулалтын явцад гарах “техникийн” болон “физик шинж чанарын” асуудлуудыг эс тооцсон ч хог хаягдлын менежментийг ангилалт, дахин боловсруулалтад суурилуулах нь нийгэм, эдийн засгийн хувьд ч тогтвортой шийдэл биш юм (гол шалтгаан нь дахин боловсруулсан материал түүхий эд шинээр олборлохоос ашигтай байх ёстой бөгөөд энэ нь даяарчлагдсан зах зээлийн эдийн засагтай нөхцөлд маш төвөгтэй). Хөгжингүй орнуудад ч ангилалт, дахин боловсруулалтын түвшин маш хангалтгүй ажиллаж нийт хог хаягдлынхаа өчүүхэн хувийг дахин боловсруулдаг хэвээрээ байна. Өнөөгийн байдлаар улс орнуудын ангилан ялгалт, дахин боловсруулалтын салбар бүхэлдээ маш тогтворгүй, хараат бөгөөд байгальд ээлгүй хэвээрээ байна.
Хөгжингүй орнуудын айл өрхүүд болон бусад хог хаягдал үүсгэгчдийн буруу ангилсан дахивар хаягдлуудын дийлэнх хувь нь гадны улс руу (2018 онд хуванцарын импортыг хорих хүртэл Хятад руу, одоо Тайланд, Малайз гэх мэт Зүүн Өмнөд Азийн орнууд руу) экспортлосоор байгаа тул энэ салбар хэвийн ажиллаад байгаа мэт сэтгэгдэл төрүүлсээр байна. Гэтэл эдгээр орнуудад ихэнх “дахиварууд” дахин боловсруулалтад оруулдаггүй. Учир нь хог хаягдлаа экспортлогч хөгжингүй оронд хангалттай сайн ангилж, цэвэрлээгүй, эсвэл хэтэрхий өндөр өртөгтэй, цаашлаад эдгээр орнуудад дахин боловсруулах өртөг нь түүхий эд шинээр олборлохоос өндөр өртөгтэй гэх мэт шалтгаанаар асар их хэмжээний дахивар хог шатаах зууханд дуусдаг байна. Эцэст нь эдгээр импортлогч буурай хөгжилтэй орнуудад дахиварыг эцэслэн ангилан ялгах ажиллах хүч маш хямд олддог учраас л нийт дахиварын багахан хэсгийг дахин боловсруулах боломж байдаг юм.
Бодит байдал гэвэл дэлхий нийтийн дахин боловсруулалтын салбар нийгмийн тэгш бус байдалд суурилан ядуу иргэдийн хөдөлмөрийг мөлжиж л оршин тогтнож байна гэсэн үг. Үнэндээ бидний нүднээс далд аймшигтай ядууралд нэрвэгдсэн баян улсуудын (эсвэл өөрийн орны баян иргэдийн) хог хаягдлыг ялгахаас өөр амь зуух аргагүй иргэд байгаа учраас л дахин боловсруулах салбар зохистой ажиллаад байгаа мэт харагддаг. Иймээс ийм төрлийн шийдлийг дэлхий дахинд хэрэгжүүлнэ гэдэг байж болшгүй хэрэг. Маш бага хэмжээний материал л цэвэр, аюулгүй, шударга, тогтвортой, эдийн засгийн хувьд тэгш хуваарилалттай нөхцөлд дахин боловсрууллагддаг гэдгийг бид мартаж болохгүй.