Бид эргэн тойрондоо өмсдөггүй хувцас, хэрэглэдэггүй эд зүйлс, идээгүй хоолны үлдэгдэл гэх хог хаягдал дунд хэзээ ч дуусашгүй материаллаг хэрэгцээнийхээ хүсэлд хөтлөгдөн амьдарсаар байна.
Хүн төрөлхтөн өдгөө жил бүр 2.12 тэрбум тонн хог хаягдал бий болгож буй. Тэдгээрийг ачааны машинд овоолон цуваа үүсгэх юм бол дэлхийг 24 удаа ороож хүрэхүйц их хэмжээтэй гэвэл та итгэх үү? Харамсалтай нь, бид тэр их хог хаягдлын 80 хувийг байгальд хаяж, дөнгөж 20 хувийг нь дахин боловсруулж буй юм. Иймд дэлхий даяар хуванцар бүтээгдэхүүн, гялгар уутнаас татгалзах эсвэл анхнаасаа ийм төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй байх зэрэг байгальд ээлтэй эко шийдлийг сонгож байна.
Энэ хүрээнд ХААН Банктай хамтран бэлтгэдэг тогтвортой хөгжлийн цахим товхимлын энэ удаагийн дугаартаа бид байгаль орчин болон хүний эрүүл мэндэд нөлөөлж буй хог хаягдлын хор хөнөөлийг тайлбарлаж, дэлхийн улс орнуудын авч хэрэгжүүлж буй зөв зүйтэй бодлого, арга хэмжээ, сайн туршлагуудыг онцлон хүргэж байна.
Хүн төрөлхтөн анх үүссэн цагаасаа хог хаягдал бий болгосоор ирсэн. Бидний амьдралын чанар сайжран, хэрэглээ өсөхийн хэрээр хог хаягдлын асуудал шийдэхэд улам л бэрхшээлтэй болсоор байна. Тухайлбал, чулуун зэвсгийн үед хүмүүс зөвхөн хоолны хаягдал гаргаж, түүнийгээ шатаан устгадаг байсан бол дундад зууны үед гэрийнхээ үүдэнд хогоо тавьж, гахайд идүүлдэг байжээ.
Энэ нь дахин боловсруулалт хийх гэсэн оролдлого боловч гудамжинд ил задгай хог хаяснаас болж зуу зуун хүн тахал, халдварт өвчин тусаж амиа алдсан гунигт түүх бий. Харин аж үйлдвэржилтийн хувьсгал эхэлснээр бараа бүтээгдэхүүнийг олон тоогоор, хямд өртгөөр үйлдвэрлэх болж, хүмүүсийн хэрэглээ асар хурдтай нэмэгдэх болсон билээ. Тиймээс өдгөө хүн төрөлхтөн хог хаягдлын асуудалд ихэд анхаарч, төрөл бүрийн бодлого, шийдлийг хэрэгжүүлэхээр туршиж байна. Хэдийгээр технологи өндөр хөгжсөн ч бид нийт хог хаягдлын 79 хувийг дахин боловсруулахгүйгээр байгальд хаяж, байгаль экологи төдийгүй нийгэм, эдийн засаг, хүний эрүүл мэндэд асар их хор хөнөөл учруулж байна.
Тухайлбал, жил бүр зөвхөн хуванцар хаягдлаас болж далай тэнгисийн 100 мянган амьтан үхэж, зөвхөн цаас үйлдвэрлэхийн тулд 4 тэрбум гаруй мод тайрч буй. Дэлхийн банкнаас мэдээлснээр бид энэ асуудлыг шийдэх ямар нэгэн дорвитой арга хэмжээ авахгүй бол 2050 онд гэхэд хог хаягдлын хэмжээ 70 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Уг нь хүн төрөлхтөн байгальд хаяж буй нийт хог хаягдлынхаа 80 хувийг дахин боловсруулах боломж бий. Энэ хүрээнд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудын хүрээнд болон Парисын хэлэлцээрт нэгдсэн улс орон бүр хог хаягдлыг бууруулах, эко орчныг бий болгохыг дэмжих амлалт өгч, дэлхийн өнцөг булан бүрд хаягдлын эсрэг төрөл бүрийн арга хэмжээ авч, аян, кампанит ажил өрнүүлж байна.
ОНЦЛОХ ТООНУУД
-Хүн дунджаар өдөрт 2 кг хог хаягдал бий болгодог бол жилийн дотор энэ хэмжээ 1.5 тоннд хүрдэг.
-Хүн амьдралынхаа туршид нийтдээ 25,000 ширхэг лааз хэрэглэдэг.
-Далайд унасан хуванцар сав, гялгар уутыг идэж эсвэл орооцолдсоноос болж жил бүр зуун мянган амьтан үхдэг.
-Жил бүр 21.5 сая тонн хүнсний хог хаягдал бий болдог. Хэрвээ үүнийг дахин боловсруулж чадах юм бол тээврийн хэрэгслийн тоог хоёр саяар бууруулсантай тэнцэх хэмжээний хүлэмжийн хийг багасгана.
-Нэг лаазыг дахин боловсруулснаар телевизорыг 3 цаг ажиллуулах эрчим хүч хэмнэдэг.
-Нэг шилэн савыг дахин боловсруулснаар компьютерийг 30 минут ажиллуулах эрчим хүч хэмнэдэг.